ПАРИС, 2026 оны есдүгээр сарын 10 /ТАСС/. Шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналд 2025/26 оны дүнгээр нэр дэвшигчдийн жагсаалтад “Интер Майами” багийн довтлогч Лионел Мессигийн нэрийг оруулахаар шийдвэрлэснээ France Football сэтгүүлээс зарлажээ.

Өнгөрсөн улиралд Мессигийн баг Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ тэмцээнд түрүүлснээс гадна Месси 49 тоглолтод 43 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгснөөр тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Тэрбээр Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ-2026-гийн финалд шалгарч, 8 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн билээ. ДАШТ-д 6 удаа оролцсон Месси шигшээ багтаа 207 тоглолт хийхдээ нийт 125 гоол оруулсан байна.    

“Алтан бөмбөг” шагналд 17 удаа нэр дэвшсэн Месси эл үзүүлэлтээр К.Роналдугийн дараа хоёрдугаарт бичигдэж байгаа бол уг шагналыг 8 удаа буюу хамгийн олон удаа хүртжээ.  

Өдгөө 39 настай Месси 2023 оноос хойш “Интер Майами”-д тоглож байна. Өмнө нь тэрбээр ПСЖ, “Барселона” багуудад тоглож байхдаа Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д тус бүр 3 удаа түрүүлсэн билээ. Мөн 2022 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, 2008 оны Олимпын аварга бөгөөд Америкийн цомыг 2021, 2024 онуудад өргөж байв.

“Алтан бөмбөг” шагналыг гардуулах ёслол 10 дугаар сарын 26-нд Лондонд болох гэж байгаа нь Парисаас өөр газарт болох анхны тохиолдол юм. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн