Канадын бараанд 100 хувийн татвар ногдуулна гэжээ

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 25 /Reuters/. Хэрэв Канадын засгийн газар Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулбал бараа бүтээгдэхүүнд нь 100 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүрдүүлжээ.

“Ерөнхий сайд Марк Карни Канад улсыг Хятадын барааг АНУ руу “дамжуулан нийлүүлэх төв” болгож чадна гэж бодож байгаа бол тэр маш том эндүүрч байна. Хэрэв Канад Хятадтай хэлэлцээрт гарын үсэг зурвал АНУ руу нийлүүлж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд нь 100 хувийн гаалийн татвар ногдуулна” гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээндээ бичсэн байна. 

Канад улс Хятадын цахилгаан авто машинуудын гаалийн татварыг бууруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, үүний хариуд Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татварыг бууруулахаар тохиролцсон байна. Эхэндээ Трамп уг гэрээг “сайн алхам” гэж тодорхойлоод, Карни зөв шийдвэр гаргасан гэж мэдэгдэж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сүрдүүлэг нь Трамп, Карни нарын зөрчилтэй давхацсан байна. Давосын чуулганд Трамп “Канад улс Америкийн ачаар амьдарч байна” гэж мэдэгдсэн бол Канадын удирдагч хариуд нь мэдэгдэхдээ, манай улс дэлхийд бие даасан байдлаа харуулж байгаа бөгөөд дарангуйллын нөлөөнд автахгүй гэжээ.

Трамп саяхан байгуулсан Энхийн зөвлөлд Карниг оролцуулахаар өгсөн урилгыг буцаасан бөгөөд энэ шийдвэрээ “Канадын хувьд хамгийн нэр хүндтэй урилгыг буцаав” гэж нийгмийн сүлжээнд бичиж байсан юм. 

Канадыг АНУ-д нэгдэх саналыг Трамп хэд хэдэн удаа тавьсны дараа, мөн  Канад, Гренланд, Венесуэл, Кубыг АНУ-ын хэсэг мэтээр газрын зурагт хошигнон оруулсан зургуудтай холбоотойгоор хоёр улсын харилцаа улам хурцаджээ.

Одоогоор Канад, АНУ хоёр Трампын тогтоосон зарим тарифыг бууруулах талаар тохиролцоонд хүрээгүй байгаа боловч Канад, АНУ, Мексикийн одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ нь Канадын эдийн засагт учрах хохирлоос хамгаалж байна. Уг гэрээг энэ онд дахин нягтлан хэлэлцэх ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн