Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 30. «Чингис хаан» үндэсний музейд «Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини» тусгай үзэсгэлэн нээгдлээ.
Музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран Сэргэн мандалтын үеийн Рафаэл Сантигийн «Хөрөг» уран зураг, Бароккогийн гол төлөөлөгч Жан Лоренцо Берниний «Нептун ба Тритон» гантиг баримлын жижиг хэмжээний хүрэл хувилбарыг үзэгчдэд толилуулж байна.
Үзэсгэлэнгийн онцлог нь хүн чанар, сэтгэл хөдлөл, хүч хэмээх ойлголтыг хоёр өөр уран сайхны илэрхийллээр нээж харуулахад оршино. Нэг бүтээл дотоод төвлөрөл, амар амгалан, тэнцвэрээр хүчийг илэрхийлж байгаа бол нөгөө нь эрчимтэй хөдөлгөөн, хүчирхэг биеийн хэлэмж, урагш тэмүүлсэн шинжээрээ хүчийг өөр өнцгөөс харуулна. Дэглэлт, өнгө, гэрэл, орон зайн шийдлээр хоёр бүтээлийг харилцан нөхөж, эсрэгцүүлэн харах боломж олгохоор зорьжээ.
«Чингис хаан» үндэсний музейн захирал С.Чулуун нээлтийн үеэр «Их далайн эргээс эхтэй урлагийн бүтээлүүд Монголын тал нутагт анх удаа хүрэлцэн ирж байгааг бэлгэдэн үзэсгэлэнг ийнхүү нэрлэсэн» гэж хэлэв. Тэрбээр музей дөрвөн жилийн хугацаанд гадаадад үзэсгэлэн зохион байгуулж, энэ жил Италид Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээлийг дэлгэсэн, энэ удаа Боргезе галерейтай хамтран Италийн хоёр суут мастерын бүтээлийг Монголд анх удаа нэг орон зайд толилуулж байгааг онцолсон байна.
Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти галерейд мянга гаруй бүтээл хадгалагдаж, энэ удаа Сэргэн мандалт болон Бароккогийн гол үзэл санаа, уур амьсгалыг мэдрүүлэх зорилгоор хоёр бүтээл сонгосныг тэмдэглэв. Бернини хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн ур чадвар нь цаг хугацааны хил хязгаарыг даван үнэ цэнээ хадгалсаар байгааг дурджээ.
Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррета үзэсгэлэнг хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх, Торгоны замын уламжлалыг урлагаар үргэлжлүүлэх уулзалт гэж үнэлэв. Тэрбээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Италид хийсэн айлчлал, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн 2025 оны арванхоёрдугаар сард хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн зорилтын хүрээнд онцгой ач холбогдолтой гэж тэмдэглэсэн байна.
Үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
