ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 28 /DW/. Дайн эхэлснээс хойш Ираны нийт пуужингийн гуравны нэг орчим хувийг устгасан гэж Америкийн тагнуулын мэдээлэлд ойр байдаг таван эх сурвалжаас эш татан Ройтерс агентлаг мэдээлжээ.
Гэхдээ устгасан гэх пуужингуудаас хэд нь бөмбөгдөлтөд өртсөн бункер, хонгилууд дотор эвдэрсэн, устсан эсвэл нурангинд дарагдсан байгаа вэ гэдэг нь тодорхойгүй юм. Түүнчлэн Ройтерсийн нэгэн эх сурвалжийн ярьснаар, АНУ, Израил хоёр Ираны дронуудын гуравны нэг орчим хувийг устгасан байна.
Тагнуулын мэдээллийг үзвэл, харвах боломжтой цөөнгүй тооны пуужингийн нөөц Иранд үлдээд байгаа ажээ. Дайн дуусмагц иранчууд нурангин дорх пуужингуудаа сэргээн засварлах боломжтой гэж эх сурвалж ярьсан байна.
Израилын цэргийн командлалын мэдэгдсэнээр, Израилын нутагт хүрэх боломжтой 2500 гаруй баллистик пуужин Иранд байсан бол дайны явцад пуужин хөөргөгч төхөөрөмжүүдийн 70 орчим хувийг устгажээ.
Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “бид тэдний пуужингуудын 99 хувийг устгасан, гэхдээ үлдсэн нэг хувь нь аюултай хэвээр байгаа” гэлээ.