ХАВАНА, 2026 оны гуравдугаар сарын 15 /DW/. Бямба гарагт шилжих шөнө Кубын Морон хот дахь эрх баригч Коммунист намын байр руу хэсэг жагсагчид дайрсан байна. Газрын тосны нийлүүлэлтийг АНУ бүслэн хааж, зогсоогоод байгаагийн улмаас Куба улсад эрчим хүчний хямрал нүүрлэж буй энэ үед олон нийт дургүйцлээ илэрхийлж буй тохиолдлуудын нэг нь энэхүү үймээн юм.
Invasor сонинд мэдээлснээр, цахилгаан эрчим хүчний тасалдал, хүнсний бүтээгдэхүүний хомсдолыг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэндээ тайван байдлаар өрнөж байсан боловч удалгүй эмх замбараагүй байдал дэгджээ. Нийгмийн сүлжээнүүдээр тархсан бичлэгийг үзвэл, томоохон хэмжээний гал түймэр гарч, хүмүүс барилгын цонх руу чулуу шидэж, “Эрх чөлөө” хэмээн хашгирч буй нь харагдана. АР агентлагийн мэдээлснээр, Коммунист намын байрны зарим хэсэг нь шатаж сүйджээ. Кубын эрх баригчдын мэдээлснээр, “вандализмын гэмт үйлдэлд” оролцсон 5 хүнийг баривчилсан байна.
Эрчим хүчний хямрал
Америкийн цэргүүд Венесуэлд халдан довтолж, ерөнхийлөгч Н.Мадурог баривчлан авч явснаас хойш Венесуэл улс Кубад нефть нийлүүлэхээ зогсоожээ. “Нефтийн бүслэлтэд” орсон тус улсад эдийн засаг, эрчим хүчний ноцтой хямрал нүүрлээд байна.
Нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийөгч Д.Трамп мэдэгдэхдээ, Куба бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд онцгой их аюул учруулж буй улс гэж нэрлэсэн юм. Үүний хариуд Кубын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын эхээр мэдэгдэхдээ “Америкийн бүслэлт бол геноцид хийхэд чиглэсэн фашист гэмт үйлдэл” хэмээн зэмлэн буруушаасан байна.
Кубын эрх баригчид тус улсад 2021 онд дэгдсэн эсэргүүцлийн ажиллагааг нухчин дарж, түүнд оролцсон зарим хүмүүсийг 20 ба түүнээс дээш жилийн хугацаагаар шоронд хорьжээ. Хараат бус хэвлэлүүд, нийгмийн сүлжээнүүдэд бичиж байгаагаар, тус улсад эсэргүүцлийн шинэ шинэ давалгаанууд үүссээр байна. Нийслэл Хавана хот эсэргүүцлийн голомт болж байгаа бөгөөд тэнд сүүлийн хэдэн долоо хоногийн турш өдөрт 15 цагийн хугацаагаар цахилгаан тасарч байна.
Үймээнд автсан Морон хот Хаванагаас 500 км-ийн зайд оршдог ажээ.