Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих шинэ боломжийг хэлэлцэв

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 21 //. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд захирал Биате Транкманныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Биате Транкманн Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Youth Co:Lab” санаачилгад нэгдсэн 30 дахь улс болсонд баяр хүргэж, залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Талууд уулзалтын үеэр хөдөө, орон нутагт амьдарч буй залуучуудын нийгмийн хамгаалал, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, амьдралын нөхцөлийг сайжруулах, гарааны болон бусад төрлийн бизнес эрхэлж буй залуучуудын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэх, тэднийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Мөн залуучуудын хөгжлийг дэмжих “Youth Co:Lab” санаачилгын хамрах хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлт, инновац, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг чиглэлээр шинээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож,  хамтран ажиллахаар нэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн