Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 24 //. Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумдын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил энэ сарын 22-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар захиалан хэрэгжүүлж байгаа ба гүйцэтгэгчээр “Мөнх ногоон жодоо”, “Мөнх ногоон ой” компани ажиллаж байна.
Ажлын явцад Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагчид газар дээр нь хяналт тавин ажиллаж, төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын чанар, биологийн бэлдмэлийн хэрэглээнд тогтмол хяналт тавьж байгаа аж.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, мод, сөөгийг хөнөөлт шавжийн олшролоос хамгаалах, ойн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн чухал ажил юм.