Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 131 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг “Хотхоны бага сургууль” болгон ашиглахаар төлөвлөж буй. Үүнд төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 840, хоёр ээлжээр 1680 суралцагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 280, хоёр ээлжээр 560 суралцагчийг хамруулж, нийт 2240 хүүхэд суралцах боломжтойг НЗДТГ-аас мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1-6-р ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд 150.000 машин оролцож байна. Бид 9 дүгээр сарын 1-нээс өмнө нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхан хамгийн түрүүнд хэдэн цэгт хотхоны бага сургууль байгуулах, хичээлийн шинэ жилээс өмнө худалдан авах, түрээслэх боломжийг судалж дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болгоё” гэв.