ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 21 /Euronews/. Нисэх онгоц тээгч USS George Washington хөлөг онгоцыг дагалдсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг Ойрх Дорнодод иржээ.
АНУ-ын зэвсэгт хүчний Төв командлалаас /CENTCOM/ мэдээлснээр, уг цохилтын бүлэг нисэх онгоц тээгч USS Abraham Lincoln хөлөг онгоцыг дагалдсан цохилтын бүлгийг орлон үүрэг гүйцэтгэх юм.
2025 оны 11 дүгээр сараас хойш далайд үүрэг гүйцэтгэж буй USS Abraham Lincoln хөлөг онгоц дээр алба хаах нөхцөл боломж муудсан тухай Америкийн хэвлэлүүдэд мэдээлсний дараа ийнхүү ротац явагдлаа. Хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэн үүссэн нөхцөл байдал, цэргийн албан хаагчдын сэтгэл зүйн байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Багийн хэд хэдэн гишүүн амиа хорлохоор оролдсон тухай мэдээлэл цацагдсан байна. Тухайлбал, энэ сарын 3-ны өдөр нэгэн цэрэг хөлөг онгоцноос унасныг аварчээ. USS Abraham Lincoln дээрх нөхцөл байдал Америкийн хууль тогтоогчдын анхаарлыг татсан бөгөөд Конгресс дахь Ардчилсан намынхан хөлөг онгоцон дээр мөрдөн шалгалт явуулахыг шаардсан байна.
USS George Washington хөлөг онгоц өмнө нь Японд байрлаж, Номхон далайд үүрэг гүйцэтгэж байв. Харин USS Abraham Lincoln хөлөг онгоц 2025 оны 11 дүгээр сард Калифорнигаас хөдөлж, Өмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэж байжээ.
Сануулан дурдахад, USS Abraham Lincoln хөлөг онгоц Ойрх Дорнодод 250 гаруй хоногийн турш боомтод нэвтрэхгүйгээр үүрэг гүйцэтгэж байгаа тухай мэдээлэл цацагдсан бөгөөд уг хөлөг онгоцыг өөр хөлөг онгоцоор солино хэмээн Д.Трамп мэдэгдэж байсан юм.