Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлнэ

, 2026 оны хоёрдугаар сарын 27″Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр тогтсон” гэж ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлнэ

ЕТГ-ын дарга цааш хэлэхдээ “Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх үүднээс тус хуулийн төслийг өргөн барьж байна. Тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг дараах байдлаар тусгалаа. Үүнд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Хоёрдугаарт, өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан бол тухайн УИХ-ын гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна.

Гуравдугаарт, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татна.

Дөрөвдүгээрт, парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнийг эгүүлэн татах юм” хэмээн онцлов.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлнэ

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “1992 онд баталсан Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэхээр тусгасан. Гэвч хэрхэн яаж эгүүлэн татах үйл явц, шатлал нь тодорхой бус байсаар ирсэн. Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг ч мөн тусгасан.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хууль нь ард түмэн өөрөө өөрсдийнхөө хяналтын хүрээнд, ардчилсан парламет өөрөө өөрийгөө хамгаалах хүрээнд, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч дээд байгууллага-Үндсэн хуулийг сахиулах хүрээнд асуудлыг тодорхой болгох боломжийг үүгээр бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, ёс зүй тогтсон газар хууль ёс дээдлэгддэг зүй тогтолтой.  Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ёс зүйн хувьсгал хийх санаачилгыг эхлүүлж байна” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн