ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 27 //. ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн A/211 дүгээр тушаалаар шинэчлэн баталлаа.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5.2-т ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэхээр, 5.3-т хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацааг 34-37 долоо хоног байхаар зохицуулсан байдаг.

Одоогийн мөрдөж буй зохицуулалтын дагуу ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт бага ангид 32 долоо хоног, дунд ангид 33 долоо хоног, ахлах ангид 34 долоо хоног үргэлжилж байна. Үүнээс гадна хичээлийн жилийн хугацаанд суралцагчдын хөгжил, төлөвшлийг дэмжих зорилгоор 2 долоо хоногийг танхимын болон танхимын бус үйл ажиллагаанд зориулдаг. Ингэснээр хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаа боловсролын түвшнээс хамааран 34-36 долоо хоног, гурван улирлын бүтэцтэй хэрэгжүүлж байна.

Хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хугацаа, хуваарьтай холбоотой эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас олон төрлийн санал, байр суурь ирүүлж байгаатай холбогдуулан 2026 оны 5 дугаар сард хичээлийн жилийн бүтцийн талаар багш нарын дунд санал асуулга зохион байгуулсан. Уг асуулгад нийт 9.620 багш оролцож, санал бодлоо илэрхийлжээ.

Санал асуулгын дүнгээр оролцогчдын 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтыг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн суралцагчдын зуны амралтыг 6 дугаар сарын 1-нээс эхлүүлэх, хичээлийн жилийг дөрвөн улирлын бүтэцтэй зохион байгуулах, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралтын эхлэх хугацааг нэг долоо хоногоор урагшлуулах санал өгчээ.

Эдгээр санал, судалгааны үр дүнг үндэслэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хамтран дахин хэлэлцэж, хууль, бодлогын шаардлага болон оролцогч талуудын саналыг тусгасан хичээлийн жилийн бүтцийн нэгдсэн хувилбарыг боловсруулан баталжээ.

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн