Д.Сүхбаатарын талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг ирэх сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэх боломжтой аж. “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг НЗДТГ-аас санаачлан нийслэлийн 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулах юм байна. Хаки нь нийслэл хотын бэлгэ тэмдэг бөгөөд хүүхдийн баярын өдөрлөгт оролцохыг зохион байгуулагчдаас урилаа.

Тэгвэл Хүй долоон худагт “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярыг долоо дахь жилдээ зохион байгуулна. Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой.

Ташрамд дурдахад, манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 74 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа нь энэ юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн