БИШКЕК, 2026 оны есдүгээр сарын 1 /ТАСС/. Өнөөдөр Киргизийн нийслэл Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад 17 улсын төр засгийн тэргүүн нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болон олон улсын хэд хэдэн байгууллагын тэргүүн нар оролцоно.
ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдаас гадна тус саммитад оролцохоор Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Того улсын засгийн газрын тэргүүн Фор Гнассингбе, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, Вьетнамын дэд Ерөнхийлөгч Ти Ань Суан, Египетийн засгийн газрын шадар сайд Хусейн Иса нар Бишкек хотноо хүрэлцэн ирээд байна.
Мөн ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн Гүйцэтгэх хорооны захирал Уларбек Шаршеев, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Таалатбек Масадыков, Евразийн эдийн засгийн комиссын коллегийн дарга Бакытжан Сагинтаев, Азид хамтын ажиллагааба итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Кайрат Сарыбай нар иржээ.
Дээд хэмжээний уулзалтын дүнгээр тус байгууллагын 25 жилийн ойн Тунхаглалд гарын үсэг зурна. Мөн “ШХАБ+” хэлбэрээр болох өргөтгөсөн хуралдааны үеэр НҮБ-ын ерөнхий зохицуулагч үүргийг бэхжүүлэх, тогтвортой хөгжил ба харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
БНКиргиз улс 2026 онд ШХАБ-ыг даргалж байгаа бөгөөд тус байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш дөрөв дэх удаагаа даргалж байна. Тус байгууллагын дээд хэмжээний уулзалтууд Бишкек хотноо 2007, 2013, 2019 онуудад болсон юм. Мөн өмнө нь 1999 онд тус хотод ШХАБ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан “Шанхайн тав” гэгдэх таван улсын төрийн тэргүүн нарын уулзалт болж байв.
ШХАБ-д ОХУ, Беларусь, Энэтхэг, Иран, Казахстан, Киргиз, БНХАУ, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд гишүүнээр элссэн бол Афганистан, Монгол улсууд ажиглагч орны статустай. Мөн бусад 15 улс яриа хэлэлцээний түнш гэсэн статустай байна.