Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монголоос 135 тамирчин, дасгалжуулагч оролцоно

Киргизстаны нийслэл Бишкек, Чолпон-Ата хотод энэ сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам хөшгөө нээнэ.

Долоон өдөр үргэлжлэх тус наадамд манай улсаас спортын 27 төрлөөр 135 тамирчин оролцохоор Бишкекийг зорихоор бэлтгэлээ базааж байна. Тэгвэл өчигдөр тус наадамд оролцох баг тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй албаныхан үдэн гаргаж, нээлтийн ёслолд мандуулах төрийн далбааг гардуулан өглөө. Энэхүү наадмын нээлтэд тугчаар улсын заан Д.Анарыг сонгожээ. Түүнийн хувьд Дэлхийн нүүдэлчдийн наадмаас 10 медаль хүртсэний гурав нь алт юм.

Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монголын үндэсний бөх албан ёсоор багтсан бөгөөд МҮБХ-ноос улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр нарын албаны төлөөлөл барилдааны зохион байгуулалтыг хариуцан ажиллах юм байна.

Хоёр жилд тутамд зохион байгуулдаг тус наадмын нээлтийн үйл ажиллагаа Киргиз улсын шинээр ашиглалтад орж буй 55 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн нээлттэй давхцаж байгаа бөгөөд спортын 43 төрөлд 4000 орчим тамирчин өрсөлдөнө.  

Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монголоос 135 тамирчин, дасгалжуулагч оролцоно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн