НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг баталсан байдаг.
“Дэлхийн адууны өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүй долоон худагт “Нарны хүлэг” хөшөө дурсгалын цогцолборыг бүтээн байгуулж, аравнайллаа. Тус бүтээн байгуулалтыг Монголын морин спорт, уяачдын холбоо ивээн тэтгэн хэрэгжүүлсэн юм. Харин хөшөө дурсгалыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урлажээ. “Нарны хүлэг” хөшөө нь Монгол Улсыг дэлхийн адууны өв соёлын төв нутаг болохыг илэрхийлсэн онцгой бүтээл бөгөөд цаашид “Дэлхийн адууны өдөр”-ийн албан ёсны бэлгэдэл болж, олон улсын зочид төлөөлөгчид, дотоод, гадаадын жуулчдын зорин ирдэг дурсгалт газрын нэг болох аж.
Улмаар жил бүрийн долоодугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Энэхүү тогтоол нь монголчуудын морьтон өв соёл, адууны уламжлалыг олон улсын түвшинд үнэлэн хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Энэ хүрээнд манай улсад анх удаа олон улсын статустай ёслолыг зохион байгуулах бөгөөд нүүдэлчдийн ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг дэлхийд сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Өдөрлөгийн хүрээнд “Түмэн морьтны их жагсаал”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан болон морьтны өв соёлын томоохон үйл ажиллагааг зохион байгуулна.


