Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийг албан ёсоор эхлүүллээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид дотоодын анхны бондыг 2024 онд гаргаж, Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулсан. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Энэ жил нийслэлд Дулааны тавдугаар, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан, мөн Дамбадаржаа, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг багасгах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслөө урагшлуулна” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломжтой. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн ам ихтэй суурьшлын бүсийн эрчим хүчийг тогтвортой шийдэх ач холбогдолтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Төслийн хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бонд гаргажээ.
Манай улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш 43 жилийн турш өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц бариагүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан, орчин үеийн, үр ашигтай, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг нэмэхгүй ажээ.