Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 4 //. Нисэх загварын спортын “Жолоодлогот загвар”-ын 36 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрали улсад зохион байгуулж, 28 орны шилдэг тамирчид оролцон мэдлэг, ур чадвараа сорилоо.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, тус тэмцээний уран нислэгийн F2B ангиллын өсвөр үеийн төрөлд Б.Баясгалан /ОУХМ/ тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин бөгөөд Улсын техник технологийн 27 дугаар олимпиадын “Нисэх загвар”-ын улсын аварга юм.
Өсвөр үеийн ангилалд:
- 1-р байр: Б.Баясгалан /Монгол/
- 2-р байр: Эберенз Ангстром /АНУ/
- 3-р байр: Д.Тэмүүжин /Монгол/
Ийнхүү Монголын залуу тамирчид дэлхийн тавцанд амжилт гаргаж, нисэх загварын спортын төрөлд эх орныхоо нэрийг мандууллаа.

