ДАШТ-2026: Бельгийн шигшээ нэмэлт цагт Сенегалын багийг хожиж, 1/8 шигшээд шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 2 /Kazinform/. 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн 16-гийн тоглолтод Бельгийн шигшээ баг нэмэлт цагт Сенегалын багийг 3:2-оор хожлоо. 

АНУ-ын Сиэтл хотын “Люмен Филд” цэнгэлдэх хүрээлэнд тус тоглолтын үндсэн цаг 2:2-оор тэнцээгээр дууссан байна. Сенегалын шигшээ багаас Хабиб Диарра, Исмаила Сарр нар гоол оруулсан бол Бельгийн багийн довтлогч Ромелу Лукаку, хагас хамгаалагч Юри Тилеманс нар гоолдсон байна.

Тоглолтын 120+5 дахь минутад Ю.Тилеманс торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр багтаа хожил авчирчээ. Бельгийн шигшээ хэсгийн шатанд “G” хэсгийг тэргүүлсэн бол Сенегалын баг “I” хэсгээс гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Үүнээс өмнө  болсон тоглолтод Английн шигшээ баг БНАКонго Улсын багийг 2:1-ээр хожжээ. Английн багаас Харри Кэйн дубль хийсэн байна. Англичууд ДАШТ-ий гараагаа итгэлтэйгээр эхлүүлж, Хорват, Гана, Панамын багууд багтсан “L” хэсгийг тэргүүлсэн юм. Томас Тухелийн удирдсан тус баг хоёр хожиж, нэг тэнцсэн бөгөөд багийн гол довтлогч Х.Кэйн гурван гоол оруулаад байна. Харин Конгогийн хөлбөмбөгчдийн хувьд Колумби, Португал, Узбекистаны багуудтай нэг хэсэгт багтаж, 4 оноо авснаар гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан нь тэдний түүхэн дэх хамгийн дээд амжилт боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн