“Номыг мэдэвч бүтээх хүн цөөхөн” гэж эртний мэргэдийн “Оюун түлхүүр” сургаалд тэмдэглээстэй буй. Номч мэргэн дээдсийн маань гүн ухааны охь шимийн цоморлиг болсон энэ сургаалын утга эдүгээ ч алдагдсан, цуцарсан зүйлгүй билээ. “Ном шиг ном, номын дайтай ном бүтээх бол үнэхээр бүх талаар амаргүй үйлс” гэж “Мөр үзэж болдоггүй газар” шинэхэн номын зохиогч өмнөтгөлдөө дурджээ.

Сэтгүүлч тэрбээр сайн ном бүтээхийн нэг үзүүлэлт бол гэрэл зураг гэж үздэг байна. Өөрөө ч олон жил сонин сэтгүүлийн ажил эрхэлсний хувьд гэрэл зураг сайн авдаг. МУСГЗ Б.Элбэгзаяагийн “Мөр үзэж болдоггүй газар” ном хос бичгээр барласан онцлогтойгоос гадна гэрэл зураг олонтой, тэдгээрийн чанар чансаа, өнгө үзэмж, өнцөг мэдрэмж үлгэр жишээ авхуйц болжээ. Номын агуулгын наян хувь нь аян замын тэмдэглэл гэдгийг зохиогч төлдөрхөн, шинэ номоо гардан авсан даруйдаа мэдээлж байсан. Аян замын тэмдэглэл хэлний хувьд сайн найруулгатай, сонирхолтой бичвэртэй байхаас гадна дагалдах гэрэл зураг нь мэдрэмжтэй, ур чадвартай бол уншигч олон улам татагдаж, номын үнэ цэнийг ч өргөж өгдөг нь лавтай.

Б.Элбэгзаяа эл номдоо БНУзУ, БНСВУ-д аялах үед буулгасан гэрэл зургуудаа дээжлэн оруулсан нь аян замын тэмдэглэлдээ зохицсон гоёмсог чимэг болжээ. Мөн Говийн Их дархан цаазат газрын харьяа баян бүрдүүд, баруун Алтайн цаст уулсаар явсан тэмдэглэлийнх нь болон Эрээн нуур орчмын байгаль, монголын хамгийн залуу Гэгээн нуур, түүнчлэн төрсөн нутаг Сэгс цагаан богд, Залаажинст хайрхан, төрийн тахилгат Их Богд уулан дахь Оюу, Номин нуураар аялах үедээ буулгасан зургууд зэрэг нь энэхүү уран бүтээлийн номын дотоод агуулга төдийгүй гадаад өнгө үзэмжийг өндөрт өргөж байна.


