Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 18 //. “Оросын төмөр замууд” (РЖД) нээлттэй хувьцаат нийгэмлэг 2024 оноос эхлэн “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэргийг алслагдагсан нутгуудаар явуулж иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Энэхүү эмнэлгийн галт тэрэг тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-ны өдөр хүртэл Замын-Үүдээс эхлэн манай улсын төмөр зам дагуух өртөөнүүдэд очиж төмөр замчид болон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
“Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг нь анх удаагаа гадаадад үзлэг оношилгоо хийхээр манай улсад ийнхүү иржээ.
“Сэтгэлийн дэм” төслийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү хүмүүнлэгийн аяны нээлт өнөөдөр УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудалд боллоо. Нээлтийн ажиллагаанд “УБТЗ” ХНН-ын дарга Х.Хэрлэн, нэгдүгээр орлогч дарга Олег Казаков, ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Андрей Ивахин, Улаанбаатар дахь “Русский Дом”-ын захирал Валерия Кильпякова, “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Зөвлөгөө болон оношилгонны хөдөлгөөнт төвүүдийн үйл ажиллагааг хариуцсан газрын орлогч дарга Алексей Ильиных нар оролцсон юм.
Хүмүүнлэгийн аяныг “РЖД” нийгэмлэг, “Россотрудничество” агентлаг болон УБТЗ-тай хамтран зохион байгуулжээ. “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг нь 14 вагоноос бүрддэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Эдгээр 14 вагоноос 8 нь үзлэг, шинжилгээ хийхэд зориулагдан тусгайлан тоноглогдсон бөгөөд дотроо лабораторийн шинжилгээ, ариутгал, туяаны оношилгоо, бүртгэлийн зэрэг хэсгүүдтэй.
Дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, түргэвчилсэн лаборатори нь шинжилгээ хийнэ. Нийтдээ 60 хүний бүрэлдэхүүнтэй “РЖД-Медицина” багийнхнаас 34 нь нарийн мэргэжлийн эмч нар юм байна.
Эмнэлгийн үзлэг, оношилгооны хуваарь:
- 5 дугаар сарын 19-20-нд Замын-Үүд-1 өртөөнд
- 5 дугаар сарын 21-22-нд Сайншанд өртөөнд
- 5 дугаар сарын 24-25-нд Чойр өртөөнд
- 5 дугаар сарын 26-28-нд Улаанбаатар-1 өртөөнд
- 5 дугаар сарын 30-31-нд Зүүнхараа өртөөнд
- 6 дугаар сарын 1-2-нд Дархан-1 өртөөнд
- 6 дугаар сарын 3-4-нд Сүхбаатар өртөөнд
