Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 18 //. Жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг дэлхий нийтээрээ Олон улсын музейн өдөр /International Museum Day/ болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг музейн салбарын нийгмийн хөгжил, боловсрол, соён гэгээрэлд оруулах хувь нэмрийг сурталчлах зорилгоор Олон улсын музейн зөвлөл /ICOM/-өөс санаачлан зохион байгуулдаг байна.
Энэ жилийн хүрээнд “Музейн боловсрол ба судалгаа” сэдэвт онцгойлон анхаарч, музейн байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдлыг олон нийтэд таниулж байгаа юм. Монгол Улсад түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалж, иргэдэд сурталчлан таниулдаг олон музей үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрээс онцлон дурдвал:
Монголын Үндэсний музей монголчуудын түүх, соёлын өвөрмөц өв санг хадгалсан үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний төв байгууллага юм. Тус музей нь үндэсний ухамсар, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ орон нутгийн музейнүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлдэг.
Богд хааны ордон музей Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг ба Монголын хамгийн баялаг сан хөмрөгтэй музейн нэг юм. Тус музей 8000 гаруй үзмэртэй, түүхэн сүм хийд, ордон, үзвэрийн танхимуудыг багтаасан цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Монгол цэргийн музей 1966 онд “Ардын Армийн Төв музей” нэртэй байгуулагдсан. Эртний чулуун зэвсгийн үеэс орчин үе хүртэлх Монгол цэргийн түүхийг өгүүлэх 9600 гаруй үзмэртэй, зэвсэг, техникийн үзүүллэгүүдээрээ онцлогтой.
Монголын уран зургийн галерей дүрслэх урлагийн 4000 гаруй бүтээлийн сан хөмрөгтэй. Монголын ахуй амьдрал, үндэсний ёс заншлыг харуулсан сонгодог болон орчин үеийн уран бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 16 мянга гаруй үзмэртэй, Монголын дүрслэх урлагийн түүхийг эрт үеэс XX зууны эхэн хүртэл он дараалал, сэдэвчилсэн байдлаар танилцуулдгаараа онцлог юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёлын өвийг хамгаалах, уламжлалыг өвлүүлэн түгээх, соёл урлаг, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Олон улсын музейн өдөр нь соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсэд иргэдийн оролцоо, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүх, өв соёлоо танин мэдэх чухал ач холбогдолтой өдөр юм.