Монгол бөхийн өргөөнд маргаашаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай.
Маргааш Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдааныг тус аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион байгуулах аж. Түрүү бөх 10 сая төгрөг гардах юм. Өнгөрсөн жил тус барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, заан Б.Серик үзүүрлэж байлаа.
Тэгвэл энэ сарын 28-нд Булган аймгаас төрөн гарсан таван аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдааныг зохион байгуулна. Тус барилдааныг 2019 онд бөхийн өргөөнд хийхэд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, аварга П.Бүрэнтөгс үзүүрлэж байв. Түүнээс хойш тус барилдааныг төрөлх Булган аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж байсан юм.
Харин гуравдугаар сарын 1-нд улс төрийн ууган хүчин Монгол ардын намыг үүсэн байгуулсны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааныг хамгийн сүүлд 2019 онд улсын аварга О.Хангай түрүүлжээ. Тэгвэл долоон жилийн дараа дахин сэргээж байгаа нь энэ.