Олон улсын цайны өдөрт зориулан “Цайны соёлын ертөнц” Орос, Монгол, Хятад гурван улсын дипломат харилцаа, соёл, найрамдлыг илэрхийлэх гэрэл зургийн үзэсгэлэн, цайны соёлыг өдөрлөгийг Улаанбаатар дахь “Русский Дом”-д өчигдөр зохион байгууллаа.
Цай бол зүгээр нэг уух зүйл биш. Олон зууны турш цай нь ард түмнүүдийн зочломтгой зан, нөхөрлөл, харилцан ойлголцлын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Цай уух ёс заншлаар дамжуулан соёлын үнэт зүйлс, харилцааны гүн ухаан, ярилцагчаа хүндэтгэх уламжлал үеэс үед өвлөгдөн ирсэн байна.
Хятадад цайны ёслол мянга гаруй жилийн өмнө үүсэж, тус улсын оюун санааны соёлын салшгүй хэсэг болсон. Монголд зочдыг эртнээс анхилуун үнэртэй сүүтэй цайгаар дайлж ирсэн нь хүндэтгэл, сайн санааны илэрхийлэлд тооцогддог. Харин Орост самовартай цай уух уламжлал нь гэр бүл, найз нөхдийн уулзалтын салшгүй хэсэг болж, хүмүүсийг нэг ширээний ард нэгтгэдэг.
Монгол, Орос, Хятадын цайны соёл нь олон зууны турш Их цайны замын дагуу бүрэлдэн хөгжиж, эдгээр улсыг зөвхөн худалдаа арилжаагаар бус, соёлын харилцаа, солилцоогоор холбож ирсэн юм.
Орос оронд цайг чанамал, баранки хэмээх уламжлалт боовтой хамт ууж амталдаг бол Хятадад олон зууны түүхтэй цайны ёслолыг гүн хүндэтгэлтэй эрхэмлэдэг. Харин Монголд давс, сүүтэй цай нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаан, эв нэгдэл, зочломтгой сэтгэлийн илэрхийлэл болдог гэдгийг зохион байгуулагчид тодотгов.

Энэхүү өдөрлөгийг нээж Улаанбаатар дахь “Русский Дом”-ын захирал В.В.Кильпякова хэлэхдээ, “Цай нь орос хүний амьдралд гүн бат суурь эзэлсэн бөгөөд өнөөдөр бидний хувьд энэ гайхамшигт цайгүйгээр өвөг дээдэс маань хэрхэн амьдарч байсан бол гэж төсөөлөхөд ч бэрх болжээ. Цай анх Орос оронд Хятадаас 1638 онд хүргэгдэн ирсэн түүхтэй. Цай нь Оросын ахуй амьдралд жинхэнэ утгаараа XVIII зууны эхэн үеэс өргөнөөр нэвтэрч эхэлсэн юм. Улмаар цай уух ёслол, цайлах уламжлал нь Орос оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, цайны эх оронд эрхэмлэгддэгтэй адил өргөн хүрээнд хайрлагдан хүндлэгдэх соёл болжээ.
Статистик мэдээллээр, Орос улс цайны хэрэглээгээрээ дэлхийд Хятад, Энэтхэгийн дараа гуравдугаарт ордог. Мөн орос хүн бүрийн хоёр нь өдөрт дор хаяж гурван удаа цай уудаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр бид улс орнуудынхаа цайны соёлын онцлогоор дамжуулан нэг нэгнээ илүү гүн ойлгож, улам ойртон танин мэдэхийг зорьж байна” гэв.
Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, “Монгол, Орос, Хятад улс нь мөнхийн хөршүүд бөгөөд олон зууны турш түүх, соёлын өргөн харилцаа, солилцоог хөгжүүлж ирсэн. Үүний нэг тод жишээ нь цайны соёл юм. Гурван улсын цайны соёлд оруулсан хувь нэмэр нь дэлхийн олон орон, тэр дундаа Европт өргөн дэлгэр соёлын нөлөө үзүүлсэн гэж үздэг. Гурван улсын нутгаар дамжин хөгжсөн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Цайны их зам”-ыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. 2015 онд Монгол, Орос, Хятадын соёлын өвийн экспертүүд “Цайны их зам”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх асуудлаар анхны уулзалтаа зохион байгуулж байсан бол өнөөдөр гурван улсын эрдэмтэн, судлаачид энэхүү өвийг бүртгүүлэх чиглэлээр хамтран идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэв.
“Цай бол улс орнуудын хил хязгаарыг давсан соёлын хэл, эв зохицол, хамтын оршин тогтнолын соёлын бэлгэдэл юм. Энэ удаагийн гурван улсын хамтарсан соёлын үйл ажиллагаагаар дамжуулан дараах санаачилгыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт, цайгаар дамжуулан соёлын аялгууг түгээх: Гурван улсын соёлын платформд түшиглэн цайны соёлын солилцоо, биет бус өвийн үзүүлбэр, урлагийн харилцан суралцах үйл ажиллагааг тогтмолжуулж, соёлын нэгдмэл сэтгэлгээгээр найрамдлын суурийг бэхжүүлэх, хоёрдугаарт, Цайны их замын чадавхийг нэмэгдүүлэх: Цайны замын соёлын үнэ цэнийг хамтран гүнзгийрүүлэн судалж, аялал жуулчлалын шилдэг бүтээгдэхүүн, өвөрмөц брэндүүдийг хамтран бүтээж, соёлын өвийг хамгаалах болон салбарын хөгжлийг харилцан дэмжих, гуравдугаарт, Гурван талын тогтмолжуулсан механизмыг өргөжүүлэх: Жил бүр Олон улсын цайны өдрийг тохиолдуулан “Цайны соёлын ертөнц” Хятад, Монгол, Оросын цайны соёлын үзэсгэлэн, үйл ажиллагааг хамтран зохон байгуулах, хүмүүнлэгийн солилцоог тасралтгүй баяжуулан гурван улсын эдийн засгийн коридорын чанартай хөгжилд хувь нэмэр оруулах, цайгаар дамжуулан хамтын ажиллагаагаа эрхэмлэхийг уриалж байна” гэв.
Нээлтэд Монгол-Хятад “Найрамдал” сургуулийн сурагчид “Луугийн сэргэлт” бүжиг, Улаанбаатар дахь “Русский Дом”-ын дэргэдэх “Сувд-Дэнс” бүжгийн студийн хүүхдүүд “Тэнгэр газрын хэмнэл” хэмээх монгол бүжиг, Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх ахмад өвлөн уламжлагчдын “Өвгөдийн өв” хамтлаг хүрэлцэн ирсэн зочдод уран бүтээлээ толилуулсан юм.
Энэ үеэр гурван улсын цай уух уламжлал, цайны соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байлаа. Хүрэлцэн ирсэн зочид энэхүү үзэсгэлэнтэй танилцахын зэрэгцээ цайны ёслолд оролцож, эртний цайны түүх, бэлгэдлийн талаар мэдэх боломж олгожээ.











