Германы шигшээг дасгалжуулахад бэлэн гэдгээ Ю.Клопп мэдэгджээ

БЕРЛИН, 2026 оны долоодугаар сарын 4 /DW/. Германы хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахад бэлэн гэдгээ Юрген Клопп өчигдөр MagentaTV телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

АНУ, Мексик, Канадад үргэлжилж  буй ДАШТ-ий шөвгийн 32-ын тоглолтод Германы шигшээ баг Парагвайд 11 м-ийн цуврал цохилтоор хожигдсоны дараа багийн ахлах дасгалжуулагч Юлиан Нагельсман огцорсон билээ. Түүний энэ шийдвэрийг Германы хөл бөмбөгийн холбоо тайлбарлах үеэрээ Ю.Клоппыг дасгалжуулагчаар ажиллуулахын тулд түүнтэй хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгджээ. Клопп 2024 оны дундуур Английн “Ливерпүүл”-ийн дасгалжуулагчийн албанаас сайн дураараа явснаасаа хойш дасгалжуулагчаар ажиллахгүй байгаа юм. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сараас хойш Red Bull компанийн хөл бөмбөгийн салбарыг хариуцаж байгаа ажээ.   

“Одоогоор би Red Bull-д гэрээгээр ажиллаж байгаа, гэхдээ Германы хөл бөмбөгийн холбоотой хэлэлцээ хийх сонирхол надад бий. Германы хөл бөмбөг одоогоор “эргэлтийн шатандаа” ороод байгаа бөгөөд Нагельсманаас үл хамааран хуримтлагдаад буй асуудлуудыг шийдэхийн тулд олон зүйлийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай” гэж Ю.Клопп ярилаа.  

Өдгөө 59 настай тэрбээр Дортмундын “Боруссиа”, Английн “Ливерпүүл” багуудыг улсын аварга болгосноос гадна Английн клубыг Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-д түрүүлэхэд нь дасгалжуулж байжээ.

Харин Ю. Нагельсман Германы шигшээг 2023 оноос удирдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус баг Евро-2024 тэмцээний шөвгийн 8-д шалгарч, тивийн аварга Испанийн шигшээд хожигдсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн