ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 2 /Euronews/. Венесуэлийн нефтийн 65 тэрбум баррель нөөцийг хянаж байгаа гэдгээ Цагаан ордон батлаад, тус улстай байгуулсан газрын тосны гэрээнийхээ нөхцлүүдийг ил болголоо.
Трампын засаг захиргаа түүхэн дэх хамгийн том нефтийн хэлцэл хийснээ зарласнаас хойш хэдхэн хоногийн дараа АНУ-ын эрх баригчид ийнхүү уг гэрээний нөхцлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Даваа гарагт нийтлэгдсэн Цагаан ордны мэдээллийн товхимолд дурдсанаар, гэрээний дагуу North American Blue Energy Partners (NABEP) компани оператор компаниар ажиллана.
Венесуэлийн түр засгийн газраас 17 ордыг 100 жилийн хугацаанд концессоор ашиглах эрхийг NABEP-д өгчээ. Холбогдох гэрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар гарын үсэг зурсан байна.
Венесуэлийн газрын тосны нөөц нь АНУ-ын 46 тэрбум баррелиар хэмжигдэх нөөцөөс хамаагүй их байгаа юм. Ерөнхийлөгч Д. Трамп уг нөөцийг “ямар ч хэрэггүй хэвтэж байсан ер бусын их баялаг” гэж тодорхойлоод “бид энэ нефтийг бүгдийг нь авна” гэлээ. Цааш нь тэрбээр “Венесуэлийн нөөцийг хуваан ашиглахаар Америкийн томоохон компаниуд дараалалд зогсож байна” гэв.
Хэлцэлд оролцсоныхоо хариуд NABEP өөрийн толгой компанийн хувьцааны 35 хувийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд өгөх ажээ. Цагаан ордны үнэлгээгээр, энэ нь хэдэн зуун тэрбум доллароор хэмжигдэнэ. Мөн Төрийн департамент NABEP-ийн олборлосон нефтийн 20 хувийг өөрийнх нь өртгөөр худалдан авах бөгөөд үүгээр Стратегийн нөөцийг хэсэгчлэн нөхнө.
Мөн Цагаан ордны хувьд, ТУЗ-ийн гишүүдийг томилох эрхтэй бөгөөд гишүүдийн ихэнх нь АНУ-ын иргэд байх ажээ. Түүнчлэн гэрээтэй холбоотойгоор үүссэн асуудлуудыг Америкийн шүүхээр шийдвэрлэнэ.
NABEP компани Венесуэлийн нефтийн дэд бүтцэд 100 тэрбум долларын хөрөнгө оруулах ба 25 жилийн хугацаанд роялти болон бусад хэлбэрээр 200 орчим тэрбум долларын татвар төлөх ажээ.