Венесуэлийн засгийн газрыг Вашингтон албан ёсоор хүлээн зөвшөөрчээ

ФЛОРИДА, 2026 оны гуравдугаар сарын 8 /DW/. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес тэргүүтэй Венесуэлийн засгийн газрыг АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай бямба гарагт Флоридад болсон Латин Америкийн улсуудын төрийн тэргүүн нартай хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

“Энэ долоо хоногт бид Венесуэлийн засгийн газрын албан ёсоор хүлээн зөвшөөрснийг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Бид алтны салбарт түүхэн хэлэлцээр байгууллаа. Венесуэлийн алт болон бусад ашигт малтмалыг борлуулахад тус дөхөм үзүүлэхийн тулд хоёр улс хамтран ажиллах боломжийг энэхүү хэлэлцээр олгож байна” гэж Цагаан ордны тэргүүн хэлэв.

Мөн баасан гарагт Вашингтоны зүгээс Венесуэлийн алт олборлох салбарт тавьсан хоригоо сулруулсан байна. Үүнтэй холбогдуулан Венесуэлийн алтыг олборлох, боловсруулах, борлуулахыг Америкийн компаниудад зөвшөөрсөн шийдвэрийг АНУ-ын Сангийн яам гаргажээ.

Оны эхээр Америкийн цэргүүд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан авч явснаас хойш дэд ерөнхийлөгч Д.Родригес ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр Вашингтоны шахалтын дор улс төрийн хоригдлуудыг сулласнаас гадна ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Венесуэлийн нефтийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгожээ.

Ерөнхийлөгч Д.Трамп хоёрдугаар сарын 24-нд мэдэгдэхдээ, АНУ Венесуэлээс 89 сая баррель хүлээн аваад байгааг дурдсан юм. Хоёрдугаар сарын 27-нд Д.Родригес Трампад хандан Венесуэлийн нефтэнд тавьсан хоригоо цуцлахыг уриалжээ. Мөн энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн Департамент хоёр талын дипломат харилцааг сэргээх талаар Венесуэлийн түр удирдлагатай тохиролцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн