Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн ахлах багш, доктор, хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор Б.Ариунжаргалантай ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсөл, нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулах төслүүдийн судалгаанд оролцож байна. Түүнчлэн Улаанбаатар хотын амьд, эрчимтэй хотын орчны (urban vitality) орон зайн шинжилгээг хийж буй юм.

-Дэлхий нийтээрээ хотжилт явагдаж байгаа энэ үед орчин цагийн хот ямар байх тухай, түүний дотор өөрсдийн амьдардаг хотынхоо тухай таньж мэдэхээр ярилцах болсондоо туйлаас таатай байна. Ярилцлагынхаа эхэнд та өөрийгөө танилцуулах уу?

-БНСУ-ын Кёнг-Хи их сургуульд архитектор мэргэжлээр бакалавр, Сөүлийн Үндэсний их сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан. Хот судлаач мэргэжилтэй. Хот төлөвлөлт, хотын орчны судалгааны чиглэлээр ажилладаг. Монгол Улсын хот байгуулалтын бодлого, хотын орчны төлөвлөлт, орон сууцны бодлого, дахин төлөвлөлтийн асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулдаг.

2018 оноос ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын тэнхимд, 2024 оноос Хот төлөвлөлтийн тэнхимд багшилж, хот төлөвлөлтийн онол, хотын дизайн хичээлийг зааж байна. Сүүлийн жилүүдэд Контемпорари Архитектурын Төв (КАТ) төрийн бус байгууллагатай хамтран орчин үеийн архитектурын түүх, хөгжлийн талаарх судалгаа болон олон нийтэд чиглэсэн танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцох болсон. Мөн ШУТИС-д хэрэгжиж буй КОЙКА төслийн хүрээнд Хот төлөвлөлтийн тэнхимийг байгуулахад оролцож, ахисан түвшний оюутнуудын судалгааг удирдаж байна.

Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой

-Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудлыг олон жил хөндөж байгаа. Нийслэлийг анх ямар загварчлалаар төлөвлөж байв, манай хот ямар онцлогтой хот юм бол?

-Хотыг зөвхөн барилга байгууламжийн нийлбэр гэж ойлгож болохгүй. Хот бол иргэдийн амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаа, нийгмийн харилцаанаас бүрэлддэг орон зай юм. Энэ утгаараа хотын дахин төлөвлөлт гэдэг нь зөвхөн барилга барих тухай асуудал биш, хотын амьдралын орчныг бүхэлд нь хэсэгчлэн дахин зохион байгуулах үйл явц юм.

Өнөөгийн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн үйл явц ихэвчлэн барилгын шинэчлэлд төвлөрсөн байдлаар явагдаж байна. Ялангуяа орон сууцны барилгын салбар хамгийн ашигтай салбарын нэг болсон тул хотын хөгжлийн чиг хандлага зарим тохиолдолд хот төлөвлөлтийн бодлогоосоо илүү зах зээлийн ашиг сонирхлоор тодорхойлогдох хандлага ажиглагдаж байна. Үүний уршгаар өндөр нягтралтай боловч дэд бүтэц, нийтийн орон зай, ногоон байгууламж хангалтгүй орон сууцны хорооллууд бий болж байгаа нь өнөөгийн хот төлөвлөлтийн томоохон асуудлын нэг болоод байна. Мөн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн өөр нэг суурь асуудал нь хотын хэмжээнд нэгдсэн дахин төлөвлөлтийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо сул байгаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл, орон сууцны зах зээлийн бодит хэрэгцээ, хотод хэдий хэмжээний орон сууц шаардлагатай вэ, тухайн орон сууц ямар чанартай орчинд байрших ёстой вэ гэх зэрэг асуудлыг нэгдсэн бодлогоор тооцож, төлөвлөх механизм хангалтгүй байна. Үүний улмаас зарим бүсэд орон сууцны барилга олноороо баригдаж байгаа ч инженерийн болон нийгмийн дэд бүтэц (сургууль, цэцэрлэг, зам, ногоон байгууламж зэрэг) тухайн хөгжлийг дагаж хангалттай нэмэгдэхгүй, амьдрах орчны чанар доройтох эрсдэл бий болж байна. БНСУ-ын дахин төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалтад төслийн хэмжээнээс, тухайлбал баригдах өрхийн тооноос хамааран орон сууцны барилга барихдаа заавал тодорхой хэмжээний түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц, зам, инженерийн шугам сүлжээ зэргийг бүрэн шийдэх шаардлагыг хамтад нь тавьдаг. Ингэснээр дахин төлөвлөлтөөс хотын орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, цаашилбал үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтвортой хадгалах зэрэг давуу тал бий болдог.

Нөгөө талаас Улаанбаатар хотын орон зайн бүтэц олон янз. Гэр хороолол, хуучин орон сууцны бүс, шинэ орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс зэрэг өөр өөр бүтэц бүхий бүсүүдтэй. Гэтэл эдгээр бүсэд ижил төрлийн дахин төлөвлөлтийн арга барил хэрэглэх нь бодит нөхцөлд төдийлөн тохиромжтой бус. Хотын бүс нутгийн онцлогт тохирсон ялгаатай хөгжлийн стратеги шаардлагатай.

Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой


-Тэгэхээр Улаанбаатар хотод ямар төлөвлөлт оновчтой юм бол, дэлхийн хотуудын жишгээр аль улсын ямар загвар бидэнд илүү ойр вэ?

-Хот судлалд “гуравдагч орон зай” гэсэн ойлголт бий. Энэ нь хүн ажил болон гэрийн орчноос гадна өөрийн хүссэн зүйлээ хийж, бусадтай харилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орон зай гэсэн үг. Гудамж, жижиг талбай, парк, спортын талбай зэрэг нийтийн орон зай нь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг идэвхжүүлж, нийгмийн харилцааг бий болгодог гэж хот судлаачид үздэг.

Улаанбаатар хотын хувьд ийм орчныг бий болгох боломж байгалийн өгөгдлийн хувьд их бий. Манай хот дөрвөн хайрхны дунд оршдог, Туул, Дунд, Сэлбэ гол зэрэг байгалийн нөөцтэй. Эдгээр нь хэн нэгэн орон сууцны хорооллын өмч биш, харин хотын бүх иргэдийн нийтийн өмч юм. Тиймээс эдгээр байгалийн орчныг хотын өдөр тутмын амьдралтай илүү ойртуулж ашиглах нь чухал.

Машины дуу чимээ, утаатай зам даган алхахаас илүү байгалийн орчинд ажлаасаа тараад тайван алхах, амрах, зугаалах боломжтой хот байх нь хүмүүсийн амьдралын чанарт илүү чухал нөлөө үзүүлдэг.

Жишээлбэл, ажлаа тараад голын дагуу алхах, алхаж байхдаа дөрвөн уулын улирал солигдож буйг харах, байгальтай ойр орчинд амарч зугаалах боломж хотын өдөр тутмын амьдралын нэг хэсэг байх ёстой. Мөн спортоор хичээллэхийн тулд заавал Зайсан, Төв цэнгэлдэх хүрээлэн эсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг хэдхэн цэгт очих шаардлагагүй. Гэрийнхээ ойролцоо ийм боломж байгаасай гэж иргэд маш их хүсдэг. Гудамжинд гарч хөршүүдтэйгээ уулзаж хуучилж, иргэд хоорондоо харилцах боломжтой энгийн боловч идэвхтэй нийтийн орон зайтай хот байх нь амьд хотын хамгийн чухал шинжүүдийн нэг юм.

Бид социалист бүтээн байгуулалтын үеийн Улаанбаатарыг дурсан, тэр үед хот илүү сайхан байсан гэж ярих нь элбэг. Гэхдээ өнөөгийн Улаанбаатарыг би өөр өнцгөөс хардаг. Тухайн үеийнхтэй харьцуулахад хүн ам, эдийн засаг, хөдөлгөөн, хэрэглээ гээд бүх зүйл хэдэн арав, зуу дахин нэмэгдсэн. Тиймээс асуудал нэмэгдсэн нь үнэн боловч нөгөө талаас хот илүү амьд, илүү хөдөлгөөнтэй болсон гэж харж болно.

Тиймээс аль нэг улсын хотыг шууд дуурайх тухай ярихаас илүү бид өөрсдийн хотын бодит нөхцөлд тулгамдаж байгаа асуудлуудаа ойлгож, тэдгээрийг шийдсэн дэлхийн хотуудын туршлагаас суралцах нь илүү зөв гэж боддог.

Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой

-Өмнөх тогтолцооны үед нийслэл маань “Азийн цагаан дагина” гэсэн тодотголтой байлаа. Орчин цагт нийслэлийн өнгийг тодорхойлох шаардлага бий юу?

-Хотын өнгө төрх гэдэг нь зөвхөн барилгын фасадын өнгөний тухай асуудал биш. Энэ нь тухайн хотын хөгжлийн түүх, соёл, орон зайн онцлог, иргэдийн амьдралын хэв маягийг илэрхийлдэг илүү өргөн ойлголт юм. Тиймээс Улаанбаатар хотын өнгийг улаан, шар, бор гэх мэт өнгөөр тодорхойлохоос илүү нүүдэлчин монгол үндэстний бүтээж буй орчин үеийн хот дэлхийд ямар дүр төрхөөр харагдах вэ гэдэг талаас нь харах нь илүү чухал гэж боддог.

Заримдаа бид хотынхоо түүх, орчны үнэ цэнийг буруу өнцгөөс хардаг. Жишээлбэл, Гандан орчмыг эмх замбараагүй гэр хороолол гэж харах нь бий. Гэтэл үнэндээ энэ бол XIII зуунд байгуулсан Хархорум хотын дараах нүүдлийн соёлын дунд 1639 онд Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Их Хүрээ, өөрөөр хэлбэл өнөөгийн Улаанбаатар хотын түүх эхэлсэн орон зай юм. 

Тиймээс Гандан орчим бол Улаанбаатар хотын үүсэл, түүхийг бодитоор нотлон харуулж буй, нүүдэлчин монголчуудын хотын соёлын ургийн бичиг шиг чухал орчин гэж хэлж болно. Үүнийг дорд үзэх биш, харин ч бахархлаа болгож, хөгжүүлэн хамгаалах ёстой.

Жишээлбэл, БНСУ-ын Сөүл хотын Букчон уламжлалт сууцны хороолол болон Иксон дүүргийн уламжлалт сууцны бүс нь анхандаа дэд бүтэц муутай, хуучирсан суурьшлын орчин байсан ч түүхэн орчныг хадгалан байдлаар хөгжүүлснээр өнөөдөр Сөүл хотын өнгө төрхийг илэрхийлсэн соёлын орон зай болсон. Букчон хороололд жилд ойролцоогоор 10 сая орчим жуулчин очдог бөгөөд энэ бүс нь хотын аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг болсон. Ийм жишээнээс харахад түүхэн орчныг нурааж устгах бус, бодлогоор хамгаалж, шинэчлэн хөгжүүлснээр хотын соёлын үнэ цэн нэмэгдэхээс гадна аялал жуулчлал, хотын эдийн засагт ч бодит хувь нэмэр оруулдаг. Энэ утгаараа Гандан орчим нь Улаанбаатар хотын түүхэн суурьшлын орчныг илэрхийлэх боломжтой, хотын онцлог өнгө төрхийг бүрдүүлэх чухал бүсүүдийн нэг юм.

Мөн социализмын үед баригдсан барилга байгууламжийг заримдаа Оросын аль нэг хотын барилгын загварыг хуулсан, хуучирсан шавар тоосгон амбаар мэтээр харах хандлага байдаг. Гэхдээ нөгөө талаас нь харвал тэр үед бид орчин үеийн хот байгуулалтын ойлголтыг анх удаа нутагшуулж, архитектур, дэд бүтэц, нийтийн орон зай, хотын зохион байгуулалтын системийг бий болгож эхэлсний үр бүтээл. Тиймээс энэ үеийн барилга байгууламжууд ч мөн манай хотын хөгжлийн түүхийн нэг хэсэг юм.

Эдгээр түүхэн давхаргууд оршиж байгаа учраас Улаанбаатар хот илүү өнгөлөг, түүхээр баялаг, нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлогийг илэрхийлсэн өвөрмөц хот болж харагдах боломжтой.

Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой


-Нийслэлээ амжилттай нүүлгэсэн туршлага дэлхийн түүхэнд цөөнгүй бий. Ийм гарц манай улсад байж болох уу. Хархорум хотыг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын өмнө тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж чадах уу?

-Дэлхийн хэмжээнд нийтдээ 50 гаруй улс нийслэлээ нүүлгэсэн байдаг. Сүүлийн үеийн жишээ гэвэл, БНСУ 2012-2030 он хүртэл хугацаанд үе шаттайгаар нийслэлийн зарим чиг үүргийг Сэжон хот руу шилжүүлж байна. Мөн Индонез улс 2024-2045 оны хооронд нийслэлээ Жакарта хотоос Нусантара руу нүүлгэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Ийм шийдвэр гаргах шалтгаан нь ихэвчлэн үндэсний газар нутгийн тэнцвэртэй хөгжил, хүн амын хэт төвлөрлийг бууруулах, байгаль орчны болон цаг уурын эрсдэлийг багасгах зэрэг хүчин зүйлтэй холбоотой.

Манай улсын хувьд нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн нь үнэн. Гэхдээ хотын газар нутгийн хэмжээтэй харьцуулахад үүнийг зөвхөн “хэт төвлөрөл” гэж тайлбарлах нь зарим талаар өрөөсгөл.

Улаанбаатар хотын өнөөгийн олон асуудал нь хүн амын тооноос илүү дэд бүтцийн хүрэлцээ, орон зайн зохион байгуулалт, хотын менежментийн алдаатай холбоотой. Жишээлбэл, Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ Сөүл хотоос 7.7 дахин, Нью-Йорк хотоос 4 дахин, Токио хотоос 2 дахин том боловч хүн амын тоо нь Сөүл хотоос 7.2 дахин, Нью-Йорк хотоос 5.7 дахин, Токёо хотоос 9.2 дахин бага байна.

Ер нь хот тодорхой хэмжээний хүн амын нягтралтай байж байж эдийн засгийн идэвх, ажлын байр, үйлдвэрлэл зэрэг бүтээмж бий болдог. Тиймээс Улаанбаатарын асуудлыг зөвхөн хүн амын төвлөрлөөр тайлбарлах нь хангалтгүй. Үндсэндээ хотын орон зайн зохион байгуулалт, төлөвлөлт, менежментийн алдаа хуримтлагдсанаас өнөөгийн хүндрэлүүд бий болсон гэж хэлж болно.

Тиймээс нийслэлийг нүүлгэнэ гэдэг нь заавал эдгээр асуудлыг шийдэх гарц гэсэн үг биш. Харин ч зарим талаараа асуудлаас зугтаж байгаа шийдвэр болж магадгүй. Үүнийг Дархан, Эрдэнэт зэрэг хотын жишээнээс харж болно. Эдгээр хот ч мөн Улаанбаатартай төстэй хот байгуулалтын асуудалтай тулгарч байна. Орон нутгийн аймгийн төвүүд хүртэл утаа зэрэг асуудалтай болж эхэлсэн нь манай улсын хот байгуулалтын хууль эрх зүй, төлөвлөлтийн тогтолцоо сул, алдаатай байгаатай холбоотой.

Харин Хархорум хотыг шинээр байгуулах асуудлыг арай өөр өнцгөөс харах боломж бий. Энэ нь зөвхөн Улаанбаатарын асуудлыг шийдэх зорилготой нийслэл нүүлгэх бодлого гэхээс илүү Монгол Улсын түүхэн болон геополитикийн байрлалтай холбоотой стратегийн хөгжлийн төсөл гэсэн өнцөг.

XIII зуунд олон улсын худалдаа, соёлын төв байсан Хархорум хотын түүхэн бэлгэдлийг сэргээж Төв Азийн бүс нутгийн зангилаа хот, олон улсын хотын концепцоор хөгжүүлэх тухай яриа илүү бодлогын түвшний асуудал гэж бодож байна. Гэхдээ ийм хотыг зөвхөн дотоодын хүн ам, үйлдвэрлэл, ажлын байрны нөөц дээр тулгуурлан хөгжүүлэхэд тодорхой хязгаарлалт үүсэх магадлалтай. Тиймээс Хархорум хотыг байгуулах асуудлыг зөвхөн нийслэл нүүлгэх бодлогоор бус, харин бүс нутгийн болон олон улсын хэмжээний хөгжлийн стратегийн хүрээнд авч үзэх шаардлагатай болов уу гэж бодож байна. Үүний тулд хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тухайлбал олон улсын нисэх буудал, төмөр зам, ложистикийн сүлжээ зэрэг суурь дэд бүтэцгүйгээр олон улсын хотын хөгжлийн тухай ярих боломжгүй.

Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой


-ШУТИС Хот төлөвлөлтийн тэнхимийг байгуулсан нь цаг үеийн шаардлага байсан нь мэдээж. Тус тэнхимээс хэрэгжүүлж буй ажлууд хэр ахицтай байна вэ?

-ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль 2022 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд ШУТИС дээр Хот төлөвлөлтийн тэнхимийг анх удаа байгуулсан нь манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжлийн боловсрол, судалгааг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.

Боловсролын хувьд бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг эхлүүлсэн. Магистрын хөтөлбөрөөс хоёр удаагийн төгсөлт гарсан. Мөн төслийн хүрээнд магистрын 1+1, докторын 2+2 тэтгэлэгт хөтөлбөрөөр дотоодын мэргэжилтнүүдийг Сөүлийн Үндэсний их сургуультай хамтран бэлтгэх боломж бүрдэж байгаа нь энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд чухал алхам болж байна.

Үүний зэрэгцээ Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор, багш нар улирал бүр манай тэнхимд ирж мэргэжлийн хичээл заахаас гадна төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчдад зориулсан мэргэжлийн сургалтыг тогтмол зохион байгуулах болсон. Мөн Сөүл хотод богино хугацааны чадавхжуулах сургалтад хамруулах, хамтарсан судалгаа хийх зэрэг олон талт хамтын ажиллагаа үргэлжилж байна.

Үүний нэг жишээ нь, энэ хавар нийслэлийн Орон сууцны бодлогын газартай хамтран Улаанбаатар хотын орон сууцны бодлогын асуудлаар форум зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус форумд БНСУ-ын таван мэргэжилтнийг урьж оролцуулахаар бэлтгэж байна.

Б.Ариунжаргалан: Улаанбаатар хот нүүдэлчдийн хотжиж буй соёлын онцлог бүхий өвөрмөц хот болох бүрэн боломжтой

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн