Боловсролын байгууллагад хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн тогтолцоо бий болгоно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскалантетэй уулзаж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсролын байгууллагад суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн тогтолцоотой болох, анагаах ухааны боловсролын шинэчлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улс 2023 онд баталсан Боловсролын багц хуулийн хүрээнд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг үе шаттай хэрэгжүүлж эхэлж байгааг онцлон тэмдэглэв. Энэ хичээлийн жилээс 3 настай хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн 6, 11, 15 настай суралцагчдыг эрт илрүүлэгт хамруулах үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын мэргэжил, арга зүй болон техникийн дэмжлэг чухал болохыг талууд тэмдэглэлээ. Мөн доктор Сокорро Эскаланте анагаах ухааны боловсролыг шинэчлэх чиглэлээр олон улсын сайн туршлага, ДЭМБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа арга барилыг танилцууллаа.

Энэ хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны чиглэлийн их сургууль, коллежийн төлөөллийг оролцуулсан хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулж, анагаах ухааны боловсролын өнөөгийн хэрэгцээ, шинэчлэлийн чиглэл, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэхээр санал нэгдэв.

Боловсролын яам хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хүртээмж, дэмжлэгийг сайжруулах, суралцагчдын сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэн ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн