СОФИ, 2026 оны зургаадугаар сарын 10 /DW/. ОХУ-ын бүрэн хэмжээний довтолгоог тав дахь жилдээ хориглон хамгаалж буй Украины зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлэхээ Болгарын шинэ засгийн газар зогсоож байна. “Украинд илүү их зэвсэг биш, харин илүү олон хүн хэрэгтэй байна. Тэдэнд зэвсэг хангалттай байгаа тул бид Украины армид дахин зэвсэг нийлүүлэхгүй” гэж Болгарын Батлан хамгаалахын сайд Димитар Стоянов мягмар гарагт мэдэгджээ.
Болгарын засгийн газар Украинд болж буй цэргийн мөргөлдөөнийг “тулааны талбарт шийдвэрлэх боломжгүй” гэж үзэж байгааг тэрбээр тайлбарлажээ. “Бид туйлдуулан зүдрээж буй дайныг харж байна. Хэдий хэмжээний зэвсэг хуримтлуулна эцсийн дүн нь гагц хүний амь нас хохирох явдал байх болно” гэж Болгарын сайд нэмж дурдсан байна. Түүний хэлснээр, “хоёр талын тодорхойлсон шудрага энх тайвныг тогтоохын тулд” хэлэлцээний ширээний ард суух цаг нь болжээ.
Дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд нам нь ялсны дараа Болгарын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаа Румен Радев хэдэн жилийн туршид Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж ирсэн бөгөөд дайныг хэлэлцээ хийх замаар зогсоохыг уриалж байсан юм.
НАТО болон Европын Холбооны гишүүн улс болох Болгар нь 2022 онд Оросын цэргүүд довтолсноос хойш Украинд зэвсэг нийлүүлж, нийтдээ 13 багц цэргийн тусламж илгээсэн байна. Тус улсын дотоод дахь улс төрийн санал зөрөлдөөний улмаас нийлүүлэлтийг голчлон гуравдагч орнуудаар дамжуулан гүйцэтгэж байв.
Дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Р.Радевын зүүн төвийн үзэл баримтлалтай “Дэвшилтэт Болгар” эвсэл 44.594 хувийн санал авчээ. Өдгөө 62 настай Р.Радев ОХУ-тай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж, Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байгаа хэдий ч Европын Холбооны шийдвэрүүдэд хориг тавих бодолгүй байгаагаа мөн мэдэгджээ.