Швед улс Украинд “Gripen” сөнөөгч онгоц нийлүүлнэ

Швед улс 2030 оноос өмнө Украинд сөнөөгч онгоцнуудаа илгээж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эдгээр онгоц нь агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон болон Зеленский нар өчигдөр (2026.05.28) хэлэлцээ хийсний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Кристерссон 20 шинэ “Gripen” сөнөөгч онгоцыг нийлүүлэх ажил 2030 оноос өмнө эхлэх төлөвтэй байгааг мэдэгдсэн байна.

Удирдагч нар 2025 оны аравдугаар сард Украин улс 150 хүртэлх “Gripen” сөнөөгч онгоц худалдан авах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн ерөнхий сайд Кристерссон Шведийн армийн ашиглаж буй одоогийн загварын “Gripen” онгоцноос 16 хүртэлхийг ирэх оноос эхлэн Украинд хандивлана гэж мэдэгдэв. Тэрбээр энэхүү шийдвэрийг Шведийн хувьд түүхэн алхам хэмээн онцлоод, мөн Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг мэдэгдэхүйц бэхжүүлнэ гэжээ.

Украин улс Оросын дрон болон баллистик пуужингийн тасралтгүй халдлагатай тэмцэхийн тулд агаарын хамгаалалтын чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байгаа юм. Зеленский Шведийн онгоцнууд Украины агаарын хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах системийг гарцаагүй бэхжүүлнэ гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн