Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжил, сайн сайхан амьдралын суурь болсон боловсролын салбарт хүчин зүтгэж, оюутан залуусыг сурган хүмүүжүүлж буй үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, судлаачдын төлөөлөлтэй өнгөрсөн баасан гарагт уулзсан юм. Ингэхдээ боловсролын салбарт хийсэн ажил, гаргасан санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, “Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал”-ыг тодотгов.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсын их, дээд сургуульд 1055 оюутан сурч, анхны төгсөгчид эх орондоо ирж нийслэл, орон нутагтаа ажиллаж байна. Мөн Япон Улсад 2022 онд хийсэн төрийн айлчлалаар тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1000 оюутны эхний 100 нь суралцаж байгаа юм.
Цаашид чанартай сургалт, судалгаа инновацыг эрчимтэй хөгжүүлж, олон улсын түвшний их сургуулиудыг төлөвшүүлэх ёстойг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлж байв.
Олон их сургуультай бус, дэлхийд өрсөлдөх чадвартай байх, олон бус чанартай хөтөлбөртэй, ажлын байр, шинэ мэдлэгийг бүтээгч төгсөгчтэй байх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор боловсролын салбарынхан, түүний дотор багш, түүхийн багш нар их хурал, улсын зөвлөгөөнөө хийн, ололт амжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, бодлого, зорилтоо тодорхойлсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинэ анагаах ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Э.Ганболд, Улаанбаатар эрдэм их сургуулийн Эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалт хариуцсан дэд захирал, доктор, профессор Б.Даваасүрэн, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Ц.Алтанцэцэг нарт гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медиалаар шагнажээ.