“Улаанбаатар Травэл Экспо- 2026” аялал жуулчлалын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд гарч эхэллээ.
Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, шууд худалдан авалт хийх боломжтой юм. Тус үзэсгэлэнд 21 аймгийн Аялал жуулчлалын газар, аяллын бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нислэгийн тийз, даатгал, аяллын тоног хэрэгслийг дэлгэж, мэдээлэл өгөхөөс гадна дотоод, гадаадын аяллын компаниуд, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, тоног хэрэгслийн нийлүүлэгчид болон БНСУ-ын төрийн өмчит Аялал жуулчлалын корпораци, БНХАУ-ын Санья хотын Залуучуудын аяллын агентлагийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаа, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломж олгох зорилгоор НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас 12 дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.