ГУАНЖОУ, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /New-Science.ru/. Автомашин тээвэрлэгч хамгийн том хөлөг онгоцыг үйлдвэрлэсэн Хятад улс дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбар дахь байр сууриа улам бэхжүүллээ.
Нэг удаадаа 10 800 автомашин тээвэрлэх хүчин чадалтай Glovis Leader гэдэг хөлөг онгоцыг China State Shipbuilding Corporation корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг Guangzhou Shipyard компани зохион бүтээж үйлдвэрлэсэн байна. Захиалагч тал болох Өмнөд Солонгосын HMM компанид шинэ хөлөг онгоцыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Гуанжоу хотод өчигдөр болжээ.
Уртаашаа 230 м, өргөөшөө 40 м хэмжээтэй энэхүү “хөвдөг зогсоол” 14 тавцантай.
Зохион бүтээгчид экологийн тал дээр онцгой анхаарсан бөгөөд уг хөлөг онгоц шингэрүүлсэн хийн систем болон сэнст хөдөлгүүрээр тоноглогджээ. Мөн шингэрүүлсэн хий ба хөлөг онгоцны уламжлалт түлшээр ажилладаг хос хөдөлгүүртэй. Цаашдаа аммиак ба метанолоор хөдөлгүүрийг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Үүний дүнд Glovis Leader хөлөг онгоц Олон улсын далайн байгууллагаас тавьж буй Tier III гэдэг экологийн хатуу шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд бусад загварын хөлөг онгоцуудтай харьцуулахад азотын ислийг илт багаар ялгаруулдаг. Хөлөг онгоцны дээд хурд нь 19 зангилаа буюу 35км/цаг, суулт нь 10.5 м тул алсын зайд тээвэрлэлт хийхэд тохиромжтой.
Ийм загварын хөлөг онгоцыг үйлдвэрлэсэн нь дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбар экологид илүү ээлтэй шийдэл рүү шилжиж буйг харуулж байна. Хятадын үйлдвэрүүд энэ тал дээр нэг бус удаа удаа дээд амжилт тогтоосон юм. 2025 онд 9200 автомашин тээвэрлэсэн BYD Shenzhen хөлөг онгоц анхны аялалдаа гарсан бол 9500 автомашин ачсан Anji Ansheng Шанхайгаас Европ руу хөдөлсөн байна.
Мөн Guangzhou Shipyard International компани ийм ангиллын 40 хөлөг онгоцны захиалга аваад байгаа бөгөөд хугацаанаас нь өмнө 26 хөлөг онгоцыг захиалагчдад хүлээлгэн өгөөд байна. Захиалгын нийт үнийн дүн 100 тэрбум юань буюу 14.6 тэрбум ам.доллар ажээ.