ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 19 /Reuters/.  Гренландад АНУ-ын цэргийн оролцоог ихээхэн нэмэгдүүлэх, мөн  тус улсын өрсөлдөгч орнууд өөрсдийн цэргийн баазыг байгуулахыг хориглох тухай тохиролцоонд АНУ, Дани Гренландын талууд хүрчээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгдсэн байна.

“Truth Social” нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ тэрбээр, АНУ-ын дайсагнагч орнууд тус улсын зөвшөөрөлгүйгээр Гренландад стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулах боломжгүй болох бөгөөд уг тохиролцоог хугацаагүй гэж бичжээ.

“Миний өгсөн үүргийн дагуу бид Гренландын төдийгүй АНУ-ын аюулгүй байдлыг хангах, хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийх бүрэн боломж АНУ-д ҮҮРД хадгалагдах баталгааг гаргахын тулд Дани, Гренландын төлөөлөгчидтэй хамтран ажиллалаа” гэж Д.Трамп бичсэн байна.

Гренландад АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэхэд талууд ойртсон тухай баасан гарагт мэдээлж байв. Гэхдээ тохиролцоонд хүрснээр Данийн бүрэлдэхүүнд багтдаг Гренландыг худалдаж авах Д.Трампын олон жилийн мөрөөдөл биелнэ гэсэн үг биш ажээ. 

1951 онд байгуулсан гэрээний дагуу АНУ Гренландын агаарын орон зайг ашиглах, цэргийн бааз байгуулах эрхийг үндсэндээ бүрэн эдэлдэг.

Д.Трампын мэдэгдлээс үзвэл, тэрбээр хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд ойрын ирээдүйд газар нутгийн маргаан дэгдээхгүй байж магадгүй байна. АНУ удахгүй тус арал дээр цэргийн томоохон хүч байрлуулж эхэлнэ гэж тэрбээр мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор Гренландын алслагдсан баруун хойд хэсэгт АНУ-ын Сансрын хүчний нэг бааз байрладаг.

“Энэ бол Америкийн Нэгдсэн Улсын хувьд мөрөөдөл биелсэн хэрэг” гэж Д.Трамп бичжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн