Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод байгууллаа.
Шинэ төвийг ашиглалтад оруулснаар дээд агаар мандлын ажиглалтын мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд чанартай ажиглалтын өгөгдөл нийлүүлэгч, дэлхийн газар зүйн ажиглалтын сүлжээний идэвхтэй оролцогч орны байр сууриа бэхжүүлэх боломж бүрдэнэ. Тус төв нь агаар мандлын дээд үе давхаргын мэдээллийг олон улсын стандартын дагуу тогтмол цуглуулан боловсруулах, ашиглах нөхцөлийг бүрдүүлж, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлалыг олон улсын түвшинд нийцэх хэмжээнд сайжруулах юм. Мөн байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна.
Нээлтийн үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, уг төвийг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны судалгаа, нүүрстөрөгчийн эргэлтийн үнэлгээ, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ, бүс нутгийн гамшгийн эрсдэлийн хамтарсан мониторингийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж нээж байгааг онцолсныг тус яам мэдээлэв.

ЦУОШГ, БНСУ-ын Үндэсний цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад цаг уурын нэгдсэн автомат систем суурилуулах нь I, II” төслийг 2017-2019, 2022-2026 онд хэрэгжүүлсэн. Төслийн II шатанд төвийн бүсийн аймаг, сумдад цаг агаарын 52 автомат станц суурилуулаад байгаа.
Төвийн нээлтийн үеэр БОУАӨЯ-наас аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 2 ширхэг мотоцикл олгосныг хүлээлгэн өгчээ.
