Трампын айлчлалын багт Тим Күүк, Элон Маск нар багтжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадад айлчилна. Айлчлалын багт “Apple”-ийн Тим Күүк, “Tesla”, “SpaceX”-ийн Элон Маск, “BlackRock”-ийн Ларри Финк нарын технологийн магнатууд дагалдах төлөвтэй байна. Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр, нийт 17 гүйцэтгэх захирал Трампыг дагалдах бололтой.

Тодруулбал, “Meta”-ийн дэд захирал Дина Пауэлл, “Boeing”-ийн гүйцэтгэх захирал Келли Ортберг, “Visa”-ийн Райн МкИнернэй, “Blackstone”-ийн Стефен Шварзмэн, “Cargill”-ийн Брайн Сайкс, “Citi”-ийн Жэйн Фрэйсер, “Coherent”-ийн Жим Андерсон, “GE Aerospace”-ийн Хенри Лоуренс Калп, “Goldman Sachs”-ын Дэвид Соломон, “Illumina”-ийн Жэкоб Тэйсен, “Mastercard”-ын Майкл Миэбах нар айлчлалын багт багтжээ.

АНУ, Хятадын технологийн өрсөлдөөний төвд буй “Nvidia”-ийн босс Женсен Хуан энэ багт багтаагүй нь анхаарал татаж байна. Женсен Хуан өөрөө өнгөрсөн долоо хоногт хэвлэлд яриа өгөхдөө “Намайг айлчлалын багт урьвал энэ нь Хятадад АНУ-ыг төлөөлөх онцгой боломж болно” гэж байв.

Трампын энэ удаагийн айлчлал АНУ, Хятадын худалдааны дайны дараах эвлэрлийн чухал мөч болж байна. Өнгөрсөн хугацаанд талууд харилцан 100 хувиас давсан өндөр татварыг бие биедээ ногдуулж байв. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард Трамп, Ши Жиньпин нар Өмнөд Солонгост уулзсанаар тарифын дайн харьцангуй намжих шинжиндээ орсон юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн