Трамп 2026 оны эхний улиралд 3700 гаруй арилжаа хийжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхний гурван сарын хугацаанд үнэт цаас болон бусад хөрөнгийн ангилалд нийт 3,700 гаруй арилжаа хийсэн нь тус улсын Засгийн газрын санхүүгийн тайлангаас ил болсон байна. Түүний хийсэн арилжаанд “Nvidia”, “Intel”, “Boeing” зэрэг томоохон компаниудын хувьцаа багтжээ. Мөн Японы суши рестораны сүлжээ “Kura Sushi USA”-ийн АНУ дахь салбарын хувьцаа ч орсон байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, өмнөх ерөнхийлөгч нар албан тушаал хашиж байх хугацаандаа ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж хөрөнгөө худалдах эсвэл ёс зүйн эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авдаг байжээ.

Энэ асуудалтай холбоотойгоор дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хариулахдаа, ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд сууж байгаад хувьцааны арилжаа хийдэггүй хэмээн мэдэгдсэн байна. Харин Трампын хөрөнгийг бие даасан санхүүгийн зөвлөхүүд удирддаг гэж тэрбээр тайлбарлажээ. Мөн Вэнс төрийн албан тушаалтнууд ажлын хүрээнд олж авсан дотоод мэдээллийг ашиглан хувьцааны арилжаа хийх ёсгүй гэж үздэгээ илэрхийлж, ийм үйлдлийг хориглохыг засаг захиргаа дэмжиж байгааг онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн