The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /nature.org/. The Nature Conservancy (TNC) бол хүн төрөлхтөн ба байгаль орчин цэцэглэн хөгжиж байдаг дэлхий ертөнцийг бий болгохын төлөө ажиллаж буй дэлхий дахиныг хамарсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн ашгийн бус байгууллага юм.


АНУ-д 1951 онд олон нийтийн санаачилгаар байгуулагдсан тус байгууллага өдгөө хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг, өргөн хүрээг хамарсан байгаль хамгаалах байгууллагуудын нэг болон өргөжөн тэлжээ. 


Сая гаруй гишүүд болон ажилтнууд, 1000 гаруй эрдэмтдийн тууштай хүчин чармайлтын үр дүнд The Nature Conservancy байгууллагын үйл ажиллагаа өдгөө 80 гаруй улс ба нутаг дэвсгэрийг хамарч, үүнээс 39 улсад шууд байдлаар, 44 улсад түншүүдээр дамжуулан ажиллаж байна. 


Тухайлбал, манай оронд TNC байгууллагын төлөөлөгчийн буюу The Nature Conservancy Mongolia  (Дэ Нэйче Консерванси Монгол) байгууллага 2008 оноос хойш байгаль хамгаалах чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус байгууллага 2024 оноос Монгол Улсын Засгийн газар, Монголын Байгалийн Өв Сантай хамтран “Enduring Earth” олон улсын байгаль хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 


Өнгөрсөн хугацаанд TNC байгууллага дэлхий дахинаа далай тэнгисийг хамгаалах 100 гаруй төслийг хэрэгжүүлж, 50 сая гаруй га газрыг хамгаалалтанд авчээ. Эдгээрийн нэг нь Африк тивийн зургаан улсын нутгийг дамнан оршдог, хүн амын хэт өсөлт, хууль бус замбараагүй загас агнуурын улмаас сүйрлийн ирмэгт ирээд байсан эртний Танганика нуурыг сэргээн хамгаалах, тогтвортой загас агнуурыг дэмжихэд чиглэсэн төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн явдал билээ. Байгаль орчныг хамгаалах энэхүү жишиг төслийн талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна. 

***

Танганика нуурын доор сая сая жилийн турш бүтээгдсэн түүх оршдог бөгөөд энэ бол дэлхий дээрх хамгийн гайхамшигтай ер бусын эко тогтолцоонуудын нэгийг тэтгэж буй амьдрал, уян хатан байдал, байгалийн нарийн тэнцвэрийн түүх юм.

Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Танзани, Замби зэрэг зургаан улсын нутгийг дамнан орших энэхүү эртний нуур бол дэлхийн гадаргын цэнгэг усны 17 хувийг бүрдүүлдэг, 1470 м гүн болой. Усны цэнгэг чанар, гүнээрээ дэлхий дээр Байгал нуурын дараа орно. Мөн Африк тив дэх хамгийн урт буюу 673 км сунаж тогтсон нуур бөгөөд хил дамнан сая сая хүний ​​амьдралыг тэтгэж буй амин чухал усан сан юм.

The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл

Танганика нууранд 1500 гаруй төрөл зүйлийн загаснууд, тэдгээрийн дотор зөвхөн тухайн нутагт байдаг 250 гаруй төрлийн африкийн циклид овгийн загаснууд амьдардаг. Энэ нуур бол зөвхөн байгалийн гайхамшигтай тогтоц төдийгүй хамтын хариуцлага, зохистой менежментийг шаардаж буй үлэмж их нөөц баялаг юм.


Экологийн тогтолцоонд учирч буй аюул

Хүн амын өсөлт болон хууль бус замбараагүй загас агнуур нь Танганика нуурыг сүйрлийн ирмэгт хүргээд байв. Үүний сацуу уур амьсгалын өөрчлөлт нь эдгээр сорилт бэрхшээлийг улам даамжруулж, нуурын усны хэмийг өөрчилж, загасны аж ахуйн үйлдвэрлэлийг бууруулж, цаг агаарын онц аюултай үзэгдлүүдийн давтамжийг нэмэгдүүллээ. Үүний үр дагавар нь илт мэдрэгдэж байгаа бөгөөд загасны тоо толгой буурч, биологийн олон янз байдал устаж алга болох аюул тулгарч, нуурын нөөц баялгаас шууд хамаардаг орон нутгийн иргэдийн амьжиргааг улам эмзэг болгож байгаа юм.

Нуурын эрэг орчмоос загас агнах, шумуулны нарийн тороор жижиг загаснуудыг барих зэрэг хууль бус, зохицуулалтгүй үйл ажиллагааны улмаас загасны тоо толгой цөөрч, тэдгээрийн амьдрах орчин нь доройтож байна. Нуурын орчимд айл өрхүүд хөдөө аж ахуй эрхэлж, хог хаягдлаа үлдээж, нуурын эргээс хэт ойрхон зайд угаалга хийж байгаа нь загас үрждэг эмзэг газруудад аюул учруулдаг.

Байгаль хамгаалах бидний хүчин чармайлт

Энэ мэт бэрхшээлүүд тулгарч байгаа хэдий ч бидэнд итгэл найдвар бий. Туунгане төслийн хүрээнд Танганика нуурын эрэг дээрх загас агнуурын нийгэмлэгүүдтэй 10 гаруй жилийн турш хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан TNC байгууллагын зүгээс дөрвөн улсыг дамнан орших уг нуурын нийт талбайн цэнгэг усан дахь биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн орон нутгийн иргэдийн хүчин чармайлтыг өргөжүүлэх, загас агнуурын шилдэг менежментийн туршлагыг дэлгэрүүлэх үйл ажиллагааг оройлон манлайлж байна. 

The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл


Гэрэл зураг дээр: Байгаль орчны хяналтын ажилтан эргүүл хийж байгаа нь 


TNC байгууллага нь “Хил дамнасан Танганика нуурын цэнгэг усны хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд, засгийн газрын агентлагууд, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, хүмүүс болон байгаль орчныг үеэс үед дэмжин тэтгэх шилдэг менежментийг бий болгоход чиглэсэн нэгдмэл алсын харааг тодорхойлж байна. Хөтөлбөрийг санаачлагч түншүүд бол Танганика нуурын сав газрын захиргаа, Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) БНАКонго улс дахь салбар, “Тогтвортой Танганика нуур” төсөл  юм. 

“Бүхэл бүтэн сав газрыг хамруулан үйл ажиллагаа явуулах нь нэн чухал” гэж Бурунди улс дахь Танганика нуурын сав газрын захиргааны Загас агнуур, усны аж ахуйн асуудал эрхэлсэн бүс нутгийн захирал Беатрис Марва ярьж байна. “Нөөц баялаг маань хил дамнан тархсан учраас уялдуулан зохицуулсан арга хэмжээ ба арга барилаар менежментийг явуулах шаардлагатай. Учир нь, хэрвээ аливаа нэг улс нөөцөд нөлөөлөх аваас энэхүү нөлөөлөл нь дөрвөн улсад мөн адил тусна. Ийм учраас нөөцийн үр өгөөжийг тогтвортой байдлаар хүртээхийн тулд эдгээр улс хамтдаа  нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нь чухал”.


Олон нийттэй хамтран ажиллах нь

Хамгийн чухал эхний алхам бол Далайн эргийн менежментийн бүлгүүд (BMU) буюу Замби улсад Загасны аж ахуйн менежментийн хороо (FMC), Ардчилсан Конго улсад Далайн эргийн менежментийн хороо (BMC) гэж нэрлэгддэг байгууллагуудаар дамжуулан нөөцийг хамтран удирдах боломжийг орон нутгийн иргэдэд олгох явдал юм. Иргэдэд түшиглэсэн эдгээр байгууллага нь тухайн нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр загас үрждэг газруудыг хамгаалах, хор хөнөөл учруулдаг загасчлалыг хориглох, тогтвортой загасчлалыг дэмжихэд чиглэсэн  дүрэм журмыг өөрсдөө бие даан боловсруулдаг.

“Загасны аж ахуйн менежментийн хороод байгуулагдсанаас хойш загасны тоо толгой өсөн нэмэгдэж буй үржлийн газруудыг тогтоосон” гэж Замби улсын Мунжела тосгоны Загасчлалын менежментийн хорооны даргаар ажиллаж байсан Мулея Поломбве Мазимба ярилаа. “Загасны аж ахуйн менежментийн хороо нь ирээдүй хойч үедээ үлдээх байгалийн баялгаа хэрхэн хамгаалахыг хүмүүст зааж сургахын төлөө маш шаргуу ажилладаг. Иймээс энэ маш чухал ажлыг цаашид үргэлжлүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна.”

The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл













“Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үргэлжлүүлэх аваас миний хувьд ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна”.

Ллоид Хаамбия, Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг

Эргийн менежментийн бүлгүүд нь орон нутгийн засаг захиргаатай нягт хамтран ажиллаж, дүрэм журмыг мөрдүүлэх, загасны тоо толгойг хянах, байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр бүлэг бол өөрсдийн нөөц баялгийг ашиглах, хамгаалахад орон нутгийн иргэдийг идэвхтэй, хариуцлагатай, ухамсартайгаар оролцуулах баталгаа юм.

The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл

Эдгээр хүчин чармайлтын үр дүнд хууль бус загасчлал хумигдаж, загасны тоо толгой өссөн нь орон нутгийн иргэдэд өгөөжөө өгч, загас агнуурын зөв чиг хандлага тогтож байна.

Хөтөлбөрийн хүрээнд нуурын эрэг орчмын биологийн олон янз байдлын 28 гол бүсийг тодорхойлсон бол одоо TNC байгууллага Танганика нуурын сав газрын захиргаа, дөрвөн улсын засгийн газрууд, түншлэгч төрийн бус байгууллагуудтай хамтран эдгээр газарт байгаль хамгааллын нэмэлт ажлуудыг төвлөрүүлэн гүйцэтгэхээр төлөвлөж байна.

“Танганика нууран дахь бүх төрөл зүйлийн амьтан, тэдгээрийн амьдардаг орон зайг нь зураглан гаргахад TNC бидэнд тусалсны ачаар нуурын нөөц баялгийн цар хэмжээг баримжаагаар тогтоох боломжтой болсон” хэмээн Танганика нуурын сав газрын захиргааны гүйцэтгэх захирал Силвейн Тусанга Муканга ярилаа.

Тогтвортой ирээдүйн төлөөх алсын хараа

Түншүүдтэйгээ хамтран ажиллаж буй бидний гол зорилго бол нуурын 40 мянга гаруй га газар, түүний дотор биологийн олон янз байдлыг агуулж буй газар нутгийн гуравны нэгийг хамгаалснаар 2030 он гэхэд 100 мянга гаруй загасчдад үр өгөөжийг нь хүртээх явдал юм. 

The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл

Замби улсын “Чибвесоло” загасчдын тосгоны хүүхдүүд 


Энэхүү алсын харааг шинжлэх ухааны цогц судалгаа, олон нийтийн оролцоо, бодлогын сурталчилгаагаар дэмжиж байна. Уламжлалт мэдлэгийг орчин үеийн байгаль хамгааллын арга ажиллагаатай хослуулснаар бид уур амьсгалын өөрчлөлт ба хүний ​​үйл ажиллагаанаас үүдэлтэй ачаалал, сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадвартай, уян хатан экологийн тогтолцоог бий болгохыг зорьж байна.

The Nature Conservancy: Танганика нуурын тэнцвэрийг сэргээсэн байгаль хамгааллын жишиг төсөл

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн