Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сарын салшгүй нэгэн чимэг нь хүчит бөхийн барилдаан билээ. XVII зуунаас улбаатай хэмээн үздэг сар шинийн барилдаан нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, монгол бөхийн цол чимэг, хийморь золбоо, удам дамжсан хүч тэнхээ, тэсвэр хатуужлыг илтгэсэн оюун санааны баяр болсоор ирсэн түүхтэй. Сүүлийн арван жилд сар шинийн барилдаанд өнгө нэмэн түрүү, үзүүр булаалдсан бөхчүүдийг “News” агентлаг онцлон танилцуулж байна. Тэд сар шинийн дэвжээнд уран мэх, бяр чадал, арвин туршлага, сэтгэлийн хатаар өрсөлдөн, үзэгч олныг огшоож ирсэн. Иймдээ ч Цагаан сарын барилдаан жилээс жилд хүсэн хүлээдэг, түмэн олны сэтгэлийг догдлуулсан хүндэтгэлийн дэвжээ хэвээр байна.
Улсын аварга О.Хангай 2024, 2025 онуудад дараалан түрүүлж, мөн нэг удаа шөвөгт шалгарснаар сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн олон түрүү хүртсэн бөхийн нэгээр нэрлэгдэж байна. Түүнчлэн улсын аварга Ч.Санжаадамба 2015, 2017 онуудад түрүүлж, нэг удаа шөвөгт үлдсэн амжилтаар дээгүүр бичигдэж байна.
Харин үзүүр бөхөөр улсын заан Б.Пүрэвсайхан (2022, 2024), улсын арслан Ц.Содномдорж (2018, 2019), улсын заан М.Лхагвагэрэл (2023, 2025) нар тус бүр хоёр удаа үзүүрлэж, өндөр амжилт үзүүлжээ. Мөн улсын арслан Н.Батсуурь гурвантаа шөвөгт шалгарсан байна. Сонирхуулахад 2020, 2021 онд цар тахлын улмаас Цагаан сарын барилдаан зохиогдоогүй байдаг.















