Турк улсын цагдаа нар энэ долоо хоногт болсон хоёр сургууль орчмын галт зэвсгийн халдлагын талаар маргаантай контентыг цахим орчинд нийтэлсэн хэргээр 162 хүнийг баривчилжээ. Тус улсын хууль зүйн сайд Акын Гүрлекийн мэдэгдсэнээр, баривчлагдсан хүмүүс халдлагын видео бичлэгийг тарааж, нийгэмд айдас төрүүлж, бүр гэмт хэргийг магтан сайшаасан гэв.
Тодруулбал, Мягмар гаригт (2026.04.14) тус улсын зүүн өмнөд хэсэгт орших ахлах сургуульд болсон буудлагын улмаас дор хаяж 16 хүн шархадсан. Дараа өдөр нь Кахраманмарас хотын өөр нэг сургуульд болсон халдлагын улмаас есөн хүн амиа алджээ. Тухайн хохирогчдын оршуулгын ёслолд хэдэн зуун хүн эмгэнэл илэрхийлэхээр цугларсан байна. Мөн Туркийн засгийн газрын өндөр албан тушаалтнууд ч оролцох аж.
Кахраманмараш хотод гарсан халдлагын үеэр найман сурагч, нэг багш амиа алджээ.
Өөр 13 хүн шархадсан бөгөөд тэдний зургаагийнх нь биеийн байдал хүнд байна. Энэ хэрэг Айсер Чалик дунд сургуульд болсон бөгөөд халдлага үйлдсэн этгээд нь 14 настай сурагч байсан. Гэхдээ тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа нас баржээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр тухайн хүү халдлагыг урьдчилан төлөвлөсөн байсан. Тэд түүний компьютероос 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг тэмдэглэсэн бичиг баримт олсон бөгөөд энэ нь томоохон халдлагад бэлтгэж байсныг нь харуулжээ. Үүнээс гадна 2014 онд АНУ-д зургаан хүний аминд хүрсэн Эллиот Рожероос санаа авч халдлага үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна.
Ахмет Коюнчу Мэргэжлийн болон Техникийн Анатолийн ахлах сургууль дээр Мягмар гаригт гарсан халдлагыг мөн адил өсвөр насны хүүхэд үйлдсэн байна.
Орон нутгийн захирагч Хасан Шилдакийн мэдэгдсэнээр, халдагч этгээд нь тус сургуулийг хуучин сурагч байсан бөгөөд ямар ч хамаагүй бай руу онилж байсан. Дараа нь өөрийгөө буудан амиа хорлосон байна. Эдгээр халдлагын дараа Туркийн засгийн газар цахим орчин тархсан ёс бус контент тараасан хэргээр олон хүнийг баривчилж эхэлсэн.
Тухайлбал, 95 хүнийг тухайн халдлагын бичлэгийг нийтэлсэн хэргээр саатуулсан байна. Тэднийг бичлэгийг хоригтой байхад тараасан, олон нийтийг айдаст автуулсан, хүчирхийллийг магтан сайшаасан, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан гэж буруутгаж байна. Мөн 1,100 гаруй сошиал медиа хаягт хязгаарлалт тавьсан. Үүнээс гадна өөр сургуулиудад ч халдлага гарна гэж сэтгэгдэл бичсэн 67 хүнийг мөн баривчилжээ.