Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од Орландо Мэжик багийн зуны лигийн бүрэлдэхүүнд багтсан. Ингэснээр тэрбээр NBA-д гэрээтэй болоход нэг алхам ойртов. Одоо гагцхүү тэрбээр зуны лигт өөрийгөө батлан харуулах даалгавар бий. Тэгвэл Орландо Мэжик энэ зун багтаа юу хайж байгаа вэ?
Шидэлт
Мэдээж нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь гурван онооны шидэлт. Шинэ дасгалжуулагч Шон Свини үүнийг сайжруулах гэж хичээнэ.
Өнгөрсөн улирал Орландо нэг тоглолтод дунджаар 11.7 удаа гурван онооны шидэлтийг амжилттай болгож, лигт оновчоороо 27 дугаарт(34.3 хувь) бичигджээ. Хэдий тэд Десмонд Бэйнийг авчирсан ч бүтэлтэй зүйл болсонгүй. Бэйн ганцаараа 39.1 хувьтай шидэж, багаа манлайлсан ч Паоло Банкеро, Франц Вагнер, Жэйлен Сагсс, Энтони Блек, Венделл Картер Жуниор нар бүгд 30.5-34.5 хувьтай шиджээ.
Өнгөрсөн жил Бэйнийг авах гэж солилцоонд байдгаа шавхсан Орландо энэ жил нэгдүгээр тойргоос тоглогч сонгоогүй. Тэд хоёрдугаар тойргийн 51 дэх сонголтоор Азаиа Нелсон гэх төвийн тоглогчийг Вашингтон Визардсаас солилцоогоор авсан.
Бэйний төлөө драфтын эрхээ шавхсан Орландо драфтлагдаагүй тоглогчдоос багтаа элсүүлэх даалгавартай явна.

Довтолгоо зохион байгуулдаг холбон тоглогч
Мэжикт Ш.Энхийн-Од шиг довтолгоо зохион байгуулдаг, бүтээлч холбон тоглогч хэрэгтэй. Паоло Банкеро, Франц Вагнер, Десмонд Бэйн нар довтолгоонд бүтээлч, боломж үүсгэж чаддаг ч асуудалтай хэвээр байна. Тэд плей-оффоос хасагдахдаа 23 довтолгоо дараалж алдсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тэдэнд зохион байгуулалттай довтолгоо хийдэг хүн хэрэгтэй байна.
Мөн төгсгөгч, оноо авагч багт хэрэгтэй байгаа. Үүнийг солилцоогоор эсвэл чөлөөт агентын зах зээлээс шийдэх гэж хичээнэ. Өнгөрсөн улирал Жэйлен Саггс багаа оновчтой дамжуулалтаар/5.5/ тэргүүлжээ. Гэхдээ эсрэгээрээ түүний бөмбөг алдалтын дундаж нь 2.1. Мөн холбон тоглогч Энтони Блекийн оновчтой дамжуулалтын дундаж нь 3.7 боловч бөмбөг алдалт нь бас л 2.1. Тиймээс тэдэнд цэвэр холбон тоглогч хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, оновчтой дамжуулалт өгдөг, бөмбөг бага алддаг тоглогчийг хайж байна.
Ш.Энхийн-Од бол дамжуулахыг урьтал болгодог, шидэлт сайтай, бөмбөг удаадаггүй холбон тоглогч. Өдгөө 23 настай тэрбээр өнгөрсөн улирал 2.3 ашигтай дамжуулалт дунджилж, гурван онооны шидэлтийг 34.1 хувьтай гүйцэтгэжээ. Мөн бөмбөг алдалт нь 1.4. Түүний довтолгооны хувь өндөр. 49.0 хувьтай довтолж, 10.9 оноо дунджилна гэдэг анзаарахгүй байхын аргагүй сайн үзүүлэлт.
Хамгийн чухал нь холбон тоглогч гэхэд өндөр нуруу, урт гартай. NBA-ийн холбон тоглогчдын дундаж өндөр 189 см. Гэтэл Ш.Энхийн-Од 205 см. Энэ өгөгдөл багуудын анхаарлыг татсан байх. Нуруугаа ашиглан самбарт тэмцэлтэй. Өнгөрсөн улирал 5.6 самбар дунджилсан.
Мэжикт одоо байгаа гарааны холбон тоглогч Саггс нь илүү хамгаалалтад чиглэсэн бол түүний арыг даадаг Энтони Блек оноо авалтад түлхүү чиглэсэн.
Паоло Банкеро эсвэл Франц Вагнер солигдох хэрэгтэй
Орландо Мэжик довтлогчдын байрлал дээр бялуурч байгаа. Баг бүрт хэрэгтэй довтлогчид тэдний гараанд, сэлгээнд байна. Тиймээс үүнийгээ эртхэн цэгцлэх шаардлага бий.
Гол асуудал нь Паоло Банкерог явуулах уу, эсвэл Франц Вагнерыг уу? Хоёулаа л бөмбөгтэй тоглохыг эргэлздэг. Асуудал нь аль, аль нь найдвартай шидэгчид биш. Тиймээс нэг нь бөмбөггүй тоглоно гэдэг учир дутагдалтай.
Хэрэв Мэжик аль нэгийг нь сонговол нөгөөг нь холбон тоглогчоор солих боломжтой.
Дахин шидэлт
Багийн лидерүүд болох Банкеро 23-тай, Вагнер 24-тэй. Довтолгоонд ур чадвартай ч гурван онооны шидэлт хэцүүхэн. Энэ зун энэ хоёр шидэлтээ сайжруулвал заавал солилцоо хийх шаардлагагүй. Гол нь сайжрах уу гэдэг л байна.
Ингээд дүгнээд харахаар ямартай ч Орландо Мэжикт холбон тоглогчийн байрлал дээр хэн нэгэн хэрэгтэй. Тэрхүү тоглогч нь дамжуулдаг, бөмбөг бага алддаг, довтолгоонд бөмбөггүй идэвхтэй тоглодог, шидэлт сайтай байх шаардлагатай.
Мэжикт хэрэгтэй бүхэн Майкт бий. Чухал нь “Хайсан хүн чинь би” гэдгээ харуулах.
NBA-ийн зуны лиг долдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод эхэлнэ. Улмаар Сакраменто, Солт Лейк Сити, Лас Вегас гэх хотуудаар үргэлжилнэ.