Сүүлийн жилүүдэд цахим спорт хурдацтай хөгжиж, их сургууль, коллежийн сургалт хөтөлбөрийн нэг хэсэг болтлоо түгсэн. Тэгвэл АНУ-ын Бостон хотноо байрлах Фишер коллежийн “CS2”-ийн баг “Senzu”-ийн “Passion UA” багийг хожиж, түүх бүтээв. АНУ-ын Лас Вегас хотноо “FRAG 20” гэх LAN-ийн жижиг тэмцээн болж, нийт 29 баг өрсөлджээ.
Тэмцээний С хэсэгт Фишер коллежийн баг болон “Passion UA” багууд учраа тааран тоглож, 2-0 гэсэн коллежийн залуус хожсон аж. Ингэснээр тэд мэргэжлийн, нэгдүгээр зэрэглэлийн баг хожсон анхны коллежийн баг болсон гэнэ. Тус тоглолтод “Senzu” тун тааруу тогложээ.
“FRAG 20” тэмцээн өчигдөр/2026.04.26/ өндөрлөж, “Wildcard” түрүүлж, Фишер коллежийн баг дэд аварга болжээ. Харин “Passion UA” баг гуравдугаар байр эзлэв.
Коллежийн багт хожигдсоныхоо дараа “Passion UA”-ийн JT ярихдаа “Бидэнд хэцүү байна. Амархан л 2-0 гээд хожих байх гэж бодсон. Ийм зүйл төсөөлсөнгүй. Бид тэмцээн эхлэхээс өмнө дөрвөн хоног нэг ч тоглоогүй байсан. Тоглоомын шинэчлэлийг ч туршиж үзээгүй. Өрсөлдөгч маань сайн баг байна. Би тэдний хэд хэдэн тоглолтыг үзсэн. Ялангуяа Астанагийн сонгон шалгаруулалтыг нь үзсэн. Бид Senzu-тэй гурван долоо хоног хамт бэлтгэл хийгээгүй. Бидэнд засах ёстой асуудлууд байна” гэжээ.
Фишер коллежийн баг Хойд Америкийг төлөөлөн “PGL Astana” тэмцээнд оролцох эрхээ авсан. Энэ амжилтаараа мөн л нэгдүгээр зэрэглэлийн тэмцээнд оролцох болсон анхны коллежийн баг болсон юм.
Олон нийтийн сүлжээнд “Passion UA” багийг шүүмжлэх хүмүүс олон байна. Тэр тусмаа “Senzu”-г замналынхаа оргил жилүүдийг ийм тааруу багт өнгөрүүлж, сонирхогчдын багт хожигдож байгааг харах дургүй фэнүүд нь их байна.
