Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 23 //. Баян-Өлгий, Ховд аймагт энэ оны 5 дугаар сард Монгол Улсад өмнө нь бүртгээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэж, нийт 4075 толгой мал, амьтныг устгалд хамруулаад байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны А/176 дугаар тушаалаар шүлхий өвчний SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалт хийх арга хэмжээг 10 хоногт шуурхай зохион байгуулжээ. БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий аймгийн 11 сумын 1.3 сая толгой, Ховд аймгийн есөн сумын 1.2 сая толгой, Говь-Алтай аймгийн хоёр сумын 15.6 мянган толгой, Хилийн цэргийн гурван анги, заставын 2.0 мянган толгой буюу нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал сүрэг буюу үхэр, хонь, ямааг дархлаажуулалтад хамруулаад байна.
Вакцины үйлдвэрлэгчийн зааврын дагуу дархлаа тогтцыг хангах зорилгоор 240.3 мянган толгой үхэрт давтан дархлаажуулалтыг 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна. Дээрх хариу арга хэмжээний үр дүнд Ховд аймагт 6 дугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт 7 дугаар сарын 8-наас хойш шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгээгүй байна.
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн голомтод хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, яаралтай дархлаажуулалтын үр дүнд өвчний тархалтыг тогтоон барьж, шинэ голомт бүртгэхгүй байгаа бөгөөд давтан дархлаажуулалт үргэлжилж байна. Мөн 2026 оны намрын төлөвлөгөөт дархлаажуулалтад шаардах 4.0 сая тун шүлхийн О хэвшлийн вакциныг худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд тендерийг 8 дугаар сарын 19-ний өдөр нээхээр зарлаад байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.