Роботууд цус алддаггүй

Дайн тулааны үед цэргүүд бууж өгч, эсрэг талын өгсөн тушаалыг даган биелүүлэх нь эртнээс нааш байсан зүйл. Гэвч Украины дайны талбарт өөр дүр зураг харагдах болжээ. Тодруулбал, бууж өгсөн цэргүүдийг баривчилж буй бодит хүн огт харагдахгүй байх аж. Цэргүүд алсын удирдлагатай газрын дрон, роботуудад бууж өгөх ба тэдгээрийг фронтын шугамаас хэчнээн километрийн зайд аюулгүй байрлалаас удирдана.

Нэгэн цагт энэ дүр зураг дайны ирээдүй байсан боловч өнөөдөр аль хэдийнэ бодит байдал болон биелжээ.

“Нэг ч сум тавилгүйгээр тухайн байрлалыг эзэлсэн” гэж ажиллагааг удирдсан Украины командлагч Мыкола Макар Зинкевич ярих аж. Зинкевич Украины Гуравдугаар тусгай довтолгооны бригадын “NC13” нэгжид робот довтолгооны систем хариуцан ажилладаг. Түүний хэлснээр робот, газрын дрон ашиглан дайсны байрлалыг довтолж, цэрэг олзолсон анхны тохиолдол нь энэ гэх. Үүнийг батлахад бэрх ч дайны технологи дэвшилтэт байгаа нь баараггүй.

Өнгөрсөн зуны анхны тохиолдлоос хойш роботууд бодит цэргүүдийг орлож, өдөр тутамдаа үүрэг гүйцэтгэх болжээ.

Украины фронтын шугам дайны туршид дронуудаар дүүрч, явган цэргүүдэд ноцтой аюул учруулсаар ирсэн. Иймээс украинчууд өөрсдийгөө хамгаалахын тулд алсаас удирддаг төхөөрөмжүүдийг туршиж эхэлсэн. Эхэндээ тэдгээрийг шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, цэргүүдэд хангамж хүргэхэд гол төлөв ашиглаж байсан бол одоо бодит тулаан, довтолгоонд оролцуулах болжээ.

Газрын дрон гэдэг нь агаараар нисэхгүй боловч алсаас удирддаг нэг төрлийн робот машин юм. Энэ төрлийн дроныг илрүүлэх, саатуулахад хэцүү. Мөн агаарын дронуудтай харьцуулахад цаг агаарын бүхий л нөхцөлд ажиллах боломжтой бөгөөд илүү их ачаа тээвэрлэж чадна. Илүү бат бөх, батерейн хугацаа урт гээд өөр давуу талууд ч бий.

Роботууд цус алддаггүй

Украины армийн Гуравдугаар тусгай довтолгооны бригад өнгөрсөн зун газрын дрон ашиглан Оросын давшилтыг 45 хоног тогтоон барьжээ. Энэ хугацаанд газрын дронд хоёр хоног тутамд хөнгөн засвар, цэнэглэлт хийхэд л хангалттай байсан аж.

Зинкевич Оросын давуу талыг онцлон хэлэхдээ “Бид хэзээ ч хүний нөөцөөр дайснаас илүү гарахгүй гэдгээ ойлгох ёстой. Тиймээс бид технологиор давуу байдлыг бий болгох хэрэгтэй” гэжээ.

Түүний хэлснээр Украины арми энэ жил явган цэргийн гуравны нэгийг дрон, роботуудаар орлуулахаар зорьж байна. Ерөнхийлөгч Зеленский ч саяхны мэдэгдэлдээ үүнийг баталсан юм. Фронтын шугамд сүүлийн гурван сарын хугацаанд л гэхэд дрон, роботууд 22 мянга гаруй ажиллагаа гүйцэтгэсэн гэж Зеленский хэлжээ.

Харин Их Британийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгааны төв болох “Royal United Services Institute”-ийн хуурай замын дайны шинжээч Роберт Толласт хэлэхдээ “Украины шинэ ололтууд нь эдгээр робот дайны ирээдүй мөн үү гэсэн ширүүн маргааныг улам өдөөх нь гарцаагүй. Гэхдээ газрын дронууд дангаараа ажиллавал явган цэргийн дэмжлэггүй танк ашиглахтай адил бэрхшээлтэй тулгарч магадгүй. Одоогоор газрын дрон, роботууд нь шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, аюултай бүсэд хангамж хүргэх, мина цэвэрлэх, цэргүүдийн амь аврах зэргээр тулаанд тогтмол оролцож байна” гэжээ.

Украины дайн талуудаас технологийн давуу байдлыг ихээхэн шаардсан. Харин Украины энэ салбарт давамгайлах тэмүүлэл нэгдүгээр сард Михаил Федоровыг Батлан хамгаалахын сайдаар томилсноор улам эрчимжжээ. Михаил Федоров өмнө нь Дижитал шилжилтийн сайд байхдаа Украины дайны дроны төслийг амжилттай удирдаж байсан юм.

Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар томилогдсоныхоо дараа энх тайванд хүргэх стратегийг танилцуулсан. Энэхүү стратеги нь технологи, өгөгдөлд ихээхэн төвлөрсөн байснаараа онцлог. Түүний гаргасан стратеги төлөвлөгөө төрийн дэмжлэгтэй дрон хөгжүүлэлтийн олон 10 компани оролцож байна.

Фронтын бүх логистикийг роботууд хариуцдаг болох ирээдүйг хүсч, төлөвлөж буйгаа Федоров мэдэгдсэн билээ.

Түүний гаргасан төлөвлөгөө хамгаалалт болон довтолгооны аль алиныг хамарч буй бөгөөд агаарын бүх аюулыг цаг тухайд нь илрүүлж, пуужин болон дронуудын дор хаяж 95 хувийг саатуулан устгахыг зорьж байна. Мөн фронтын шугамын дагуу 15–20 километрийн радиуст устгах бүс бий болгож, тэр бүс дотор дрон болон роботуудыг тасралтгүй ажиллуулснаар байлдааны ажиллагааг аль болох хүний шууд оролцоогүйгээр өндөр үр дүнтэй явуулахыг зорьж байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим баг ажиллаж эхэлжээ.

“Технологийг хэн бүтээж, хэрхэн ашиглаж байгаа нь чухал биш. Харин хэн үүнийг урт хугацаандаа өргөжүүлж, цар хүрээг нь тэлж чадаж байгаа нь чухал” гэж Зинкевич хэлжээ.

Дрон дээр суурилсан давуу байдал дайныг шийдвэрлэх хэмжээнд хүрэхгүй байж болох ч Украины энэ салбар дахь илт тэргүүлэл анхаарал татаад эхэлжээ. Үүний нэг жишээ нь Ойрхи Дорнод. Уламжлалт зэвсэглэлд их хэмжээний хөрөнгө оруулсан зарим улс Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш ойролцоогоор 50 мянган ам.долларын үнэтэй нэг дроныг устгахын тулд дөрвөн сая ам.долларын үнэтэй пуужин ашиглаж байгаагаа гэнэт ойлгожээ.

Зеленский өөрөө Ойрхи Дорнодод айлчилж, Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират, Турк, Сирид хуримтлуулсан туршлагаа батлан хамгаалахын дэмжлэгээр солилцох санал хүртэл тавьсан билээ.

Хэдийгээр цус алдаж үхдэггүйгээрээ робот, дронууд давуу талтай ч гэлээ болгоомжлох зүйлс бий. Эцсийн шийдвэрийг үргэлж хүн л гаргах ёстой. Тухайн зэвсгийг хиймэл оюун ухаанд даатгах уу? Тэр төхөөрөмж өөрийн тал, дайсны талыг хэрхэн ялгах вэ? Алдаа гарахгүй гэдгийг яаж батлах вэ?

Явган цэргийн командлагч байсан Зинкевич “Хэрэв 2022 онд ийм зүйл ярьсан бол энэ хүн галзуурчихаж л гэх байлаа. Энэ бүхэн шинжлэх ухааны уран зөгнөл шиг л байв. Харин одоо надад бүрэн итгэл төрж байна. Хүний амь гэдэг үнэлж баршгүй зүйл. Харин роботууд цус алддаггүй шүү дээ” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн