ПСЖ: Оддын хүрч чадаагүй амжилтад багаараа хүрэв

Одоогоос 15 жилийн өмнө Францын нийслэлийн клуб дотоодын лигтээ ч томдоо тооцогддоггүй байв. Тухайн үед Францын хөлбөмбөгийг Лион, Марсель, Бордо, Монако зэрэг багууд илүүтэйгээр Европд төлөөлдөг байсан. Харин ПСЖ буюу Пари Сен-Жермен багийн өнөөгийн амжилтын эхлэл нь 2011 он гэж үздэг. Тэр жил тус клубыг “Qatar Sports Investments” худалдан авсан юм.

Шинэ эзэд энэ клубд шинэ төсөл хөгжүүлэхдээ их хэмжээний хөрөнгө оруулж эхэлсэн. Парисчууд Английн клубуудын замналыг даган амжилттай дасгалжуулагчдыг урьж, алдартай тоглогчдыг элсүүлэв. Энэ бүх зүйл нэг л агуу мөрөөдлийн төлөө. Тэр нь Аваргуудын лигийн цом.

ПСЖ-д тоглож байсан алдартай хөлбөмбөгчдөөс бүр дэлхийн шигшээ баг, бүр хэд хэдийг ч бүрдүүлэх боломжтой. Гэсэн ч гурван нэр онцгой ялгарна. Неймар, Килиан Мбаппе, Лионель Месси.

НЕЙМАР: ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ НАЙМАА

2017 онд Неймар Барселонагаас ПСЖ-д 222 сая еврогоор ирсэн нь өнөөдрийг хүртэл дэлхийн рекорд үнэ хэвээр байна. Замналын хөгжил талаасаа 25 настай бразил тоглогч илүү нэр хүндтэй, өрсөлдөөнтэй лигийг сонгох ёстой байсан ч эцсийн шийдвэрийг мөнгө тодорхойлсон. Тэрбээр Парист “Шинэ сорилт хайж ирсэн” хэмээн тайлбарласан ч энэ наймаагаар ПСЖ-ийн удирдлагууд зорилгын төлөө бүхнийг зөвтгөж болдгийг харуулсан юм.

КИЛИАН МБАППЕ: ОНЦГОЙ НЭГЭН

Мбаппе бага наснаасаа л онцгой авьяасаараа ялгарч, 17 настайдаа насанд хүрэгчдийн түвшинд нэрээ дуурсгасан. Ийм потенциалтай тоглогч Монакод удаан үлдэхгүй нь тодорхой байв. 2017 онд ПСЖ түүнийг эхлээд зээлээр авч, дараа нь гэрээ байгуулав. Энэхүү наймаа клубт 180 сая еврогийн өртөгтэй байлаа. Дэлхийн аварга залуу хүү Францын нийслэлд ур чадвараа төгөлдөржүүлж, улмаар 2024 онд Реал Мадрид руу явсан.

ЛИОНЕЛЬ МЕССИ: ДЭЛХИЙ НИЙТИЙГ АЛМАЙРУУЛСАН НЬ

Лионель Месси 34 настайдаа ПСЖ-д нэгдсэн. Оргил үе нь ард үлдсэн ч дэлхийн шилдэг тоглогчдын нэг хэвээр байсан цаг. Барселонагийн академийн бүтээгдэхүүн, клубын домог болсон түүнийг нэг багт л бүх замналаа өнгөрөөнө гэж олон хүн бодож байв. Гэвч 2021 онд ПСЖ Мессиг чөлөөт агентын хувиар авч, түүний нэр хүндийг ашигласан. Үндсэндээ ПСЖ Мессигээр дамжуулан “бид шинэ түвшинд гарсан, боломж хязгааргүй” гэдгээ дэлхийд харуулахыг хүссэн юм.

АЮУЛТАЙ ГУРАВ БА ДАРУУХАН ҮР ДҮН

Неймар, Мбаппе, Месси нар хоёр улирал хамт тоглосон. Энэ гурав хамтдаа хамгаалагч, хаалгач бүрийг айлгаж чаддаг байсан ч Аваргуудын лигийн цомыг өргөж чадаагүй. Үүний дараа Неймар Саудын Араб руу, Аргентин од АНУ руу, Франц довтлогч Реал Мадридыг зорьсон.

ПСЖ: Оддын хүрч чадаагүй амжилтад багаараа хүрэв

ИХ МАСТЕРУУДГҮЙ ГАЙХАЛТАЙ ЯЛАЛТУУД

2023 онд ПСЖ испани дасгалжуулагч, Барселонагийн хуучин менежер Луис Энрикег томилов. Тэрбээр Неймар, Месситэй хамт ажиллаагүй ч Мбаппетэй богино хугацаанд хамт байсан. Өнөөдөр түүний удирдлага дор өндөр түвшний тоглогчид бий ч тэд “хөлбөмбөгийн бурхдыг” төлөөлөхгүй.

Маркиньос, Витинья, Ашраф Хакими, Хвича Кварацхелия, Дезире Дуэ, Фабиан Руис, Брэдли Баркола зэрэг тоглогчид авьяастай ч супер оддын түвшинд хараахан хүрээгүй. Баллон д’Ор хүртсэн Усман Дембелег ч Месси, Мбаппе, Неймар нартай эн зэрэгцүүлэхэд бэрх.

Гэвч энд хөлбөмбөгийн хуучны нэг үнэн дүрэм үйлчилсэн юм. Оддоор баг бүрдүүлж чадахгүй ч од багийг бүтээж чадна. Ийм бүрэлдэхүүнтэйгээр ч Аваргуудын лигт түрүүлж, Европын супер цомыг хүртэн, Клубуудын ДАШТ-ийн шигшээд хүрч болдгийг ПСЖ харуулсан. Энэ бүхэн хувь хүнээс илүү багт анхаарлаа хандуулсны үр дүн байв.

ПСЖ: Оддын хүрч чадаагүй амжилтад багаараа хүрэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн