Парис дахь Америкийн банкны төв байранд халдлага үйлдэхийг завджээ

Парис дахь Америкийн банкны төв байранд тэсрэх бөмбөгтэй халдлага үйлдэхийг завдсан хэрэгтэй холбоотойгоор гурван хүнийг баривчилсан гэж Францын терроризмтай тэмцэх прокурорын алба мэдэгдэв.

Эхний сэжигтэн хэргийн газар дээр баригджээ. Тэрбээр шатахуун байж болзошгүй таван литрийн савтай шингэн болон асаах систем бүхий төхөөрөмжийг банкны ойролцоо байрлуулсныхаа дараа баригдсан аж. Уг хэрэг Бямба гаригийн 03:30 цагийн орчимд Елисейн талбайгаас хэдхэн гудамжны зайд орших 8-р дүүрэгт гарсан байна. Харин үлдсэн хоёр сэжигтнийг Ням гаригт баривчилжээ.

Энэхүү халдлагыг АНУ, Израилийн Иранд эхлүүлсэн дайнтай холбоотой гэж үзэж буйгаа Францын Дотоод хэргийн сайд Лаурент Нунез мэдэгджээ. Өөрсдөө шууд оролцохгүйгээр төлөөний хүнээ явуулж ийм халдлага үйлдүүлдэг Ираны тусгай албад байдаг аж. Сэжиглэж буй ноцтой баримтууд байгаа ч үүнийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатайг мөн мэдэгдэв.

Франц дахь Ираны Элчин сайдын яам Нунезын тайлбартай холбоотойгоор ямар нэг мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Эхний сэжигтнийг халдлага үйлдэхээр завдаж байх үед өөр нэг этгээд гар утсаараа зураг авч, бичлэг хийж байсан ч цагдаа нар ирэхтэй зэрэгцээд зугтаажээ. Мөн эхний сэжигтэн нь насанд хүрээгүй хүн байсан гэх мэдээлэл байна.

Францын хуулиар терроризмын хэргийн сэжигтнийг 96 цаг саатуулдаг. Энэ хугацааг шүүхийн шийдвэрийн дагуу сунгаж ч болдог.

Энэ халдлагатай холбоотой хэрэг өмнө нь Францад төдийгүй Нидерланд, Их Британи, Норвеги зэрэг Европын бусад улсад ч гарч байсныг Нунез дурджээ. Иймд аюулгүй байдлын албаныхныг сонор сэрэмжээ нэмэгдүүлж, улс даяарх тээврийн төвүүд болон бусад байршилд илүү нягт ажиллахыг тэр уриаллаа.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн