Орос, Вьетнам улсууд эрчим хүчний хэлэлцээ хийнэ

Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чин ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр Ням гаригт /2026.03.22/ мордлоо. Айлчлалын үеэр талууд газрын тос, байгалийн хий, цөмийн цахилгаан станцын төсөл зэрэг хэд хэдэн чухал салбарт хэлэлцээ хийнэ.

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс болж дэлхийн эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүссэн тул Вьетнам улс нөөцөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй. Тодруулбал, үйлдвэрлэлийн төв болсон Вьетнам улсад 95 октантай бензин, дизель түлшний үнэ 50, 70 хувиар тус тус өсчээ. Иймд тус улс Катар, Кувейт, Алжир, Япон зэрэг хэд хэдэн улсаас дэмжлэг хүссэн байна.

Вьетнам улс худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгааг тус улсын засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Оросын ерөнхий сайд Михайл Мишустин өнгөрсөн оны нэгдүгээр сард Ханойд айлчилж байв. Тухайн үед тэрбээр “ОХУ нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл бий болгох Вьетнамын хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн” гэж мэдэгдсэн юм. Вьетнам улс ойрын таван жилдээ цөмийн цахилгаан станцтай болохоор зорьж байна. Мөн хоёр улс газрын тос, байгалийн хийн хамтарсан төслүүд дээр ажиллана гэж мэдэгдэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн