ОХУ-ын зарим бүс нутагт шатахууны хомсдолоос болж худалдан авалтын хэмжээг хязгаарлаж байсныг үе шаттайгаар цуцалж эхэлжээ. Энэ нь голчлон тус улсын төв болон өмнөд бүсүүдэд хэрэгжиж байна.
ОХУ-ын төрийн өмчит “Gazprom” компани Краснодар, Ростов, Волгоград, Ставрополь, Астрахань муж болон Москваг Хар тэнгисийн өмнөд эрэгтэй холбодог М-4 хурдны зам дагуух бүх шатахуун түгээх станцынхаа худалдан авалтын хязгаарлалтыг цуцалсан талаар “Izvestia” сонин Мягмар гаригт (2026.07.28) мэдээлжээ.
Гэхдээ Владимир, Воронеж, Калуга, Липецк, Нижний Новгород, Орёл, Тула зэрэг бүсүүдэд бензинийг 30-50 литр, дизель түлшийг 60-100 литр хүртэл худалдан авах хязгаарлалт тогтоосон нь хэвийн үргэлжилж байна.
Мөн “Rosneft” болон түүний охин компани “Bashneft” нэг автомашинд олгох бензиний хэмжээг 30 литрээс 50 литр болгон нэмэгдүүлжээ.
Харин “Lukoil” болон “Teboil” компаниуд Москва, Санкт-Петербург, Ленинград муж дахь шатахуун түгээх станцуудынхаа бүх хязгаарлалтыг цуцалсан байна. Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, зарим бүс нутагт орон нутгийн захиргааны шийдвэр, нөөцөөс шалтгаалан хязгаарлалт болон сондгой-тэгш дугаараар үйлчлэх журам үргэлжилж байгаа аж.
Үүний зэрэгцээ Омск болон Калининград мужийн эрх баригчид орон нутгийн шатахуун түгээх станцууд дахь бүх худалдан авалтын хязгаарлалтыг цуцалснаа зарлажээ.
Харин Москва дахь “Gazprom Neft”-ийн станцуудад гар утасны аппликейшнээр худалдан авах тохиолдолд 30 литрийн дээд хязгаар тогтоосон хэвээр байгаа боловч биечлэн үйлчлүүлэхэд ийм хязгаар үйлчлэхгүй байна.
Мөн шатахууныг их хэмжээгээр нөөцлөхөөс сэргийлж канистрт түлш хийж авахыг”Gazprom”, “Rosneft”, “Lukoil”, “Tatneft” компаниудын станцуудад үргэлжлүүлэн хоригложээ.
Украины нисгэгчгүй онгоцны халдлагаас болж ОХУ-ын олон бүс нутаг энэ зун шатахууны хомсдолд орсон. Салбарын шинжээчдийн үзэж буйгаар, зуны аяллын оргил үе намжих хүртэл шатахууны нийлүүлэлт олон бүсэд тогтворгүй хэвээр байх төлөвтэй байна.
Гэхдээ өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын шадар сайд Александр Новак дотоодын шатахууны зах зээл “хэсэгчлэн тогтворжиж” эхэлсэн гэж мэдэгдсэний дараа шатахууны хязгаарлалтыг сулруулж эхэлжээ.
Тэрбээр мөн бензиний экспортын хоригийг 2026 оны эцэс хүртэл сунгах шийдвэрийг баталгаажуулж, хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр засварын дараа дахин ажиллагаанд орсныг мэдээлсэн ч Сибирийн зарим бүсэд шатахууны хомсдол үргэлжилж байгааг анхааруулжээ.
ОХУ-д бензиний дундаж үнэ оны эхнээс хойш 18.3 хувиар өсөж, долдугаар сарын 20-ны байдлаар нэг литр нь дунджаар 77.31 рубльд хүрсэн байна.