Японы давж заалдах шатны шүүх Нэгдлийн сүм хэмээн танигдаж байсан шашны байгууллагыг татан буулгах шийдвэр гаргаж, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээлээ. Токиогийн Дээд шүүхийн шүүгч Мики Мотоко өчигдөр (2026.03.04) тус байгууллагын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татан буулгах шийдвэрийг баталгаажуулсан байна. Энэхүү шийдвэр даруй хүчин төгөлдөр болжээ.
Японы Боловсролын яам 2023 онд Токиогийн дүүргийн шүүхэд хандан, албан ёсоор “Family Federation for World Peace and Unification” нэртэй тус байгууллагыг татан буулгах хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд, сүм гишүүдийнхээ сүнслэг байдлын талаарх айдсыг ашиглан их хэмжээний хандив авах, эсвэл үнэтэй бараа худалдан авахад шахалт үзүүлсэн гэж буруутгасан юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард Токиогийн дүүргийн шүүх уг хүсэлтийг хангаж, тус байгууллага 1,500 гаруй хүнд нийт 20.4 тэрбум иен буюу ойролцоогоор 130 сая ам.долларын санхүүгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна.
Нэгдлийн сүм уг шийдвэрийг давж заалдсан бөгөөд дээд шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хамтын хэлэлцээ хийж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа тул татан буулгах шаардлагагүй гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Дээд шүүхийн шийдвэр гарснаар шүүхээс томилогдсон татан буулгагч байгууллагын хөрөнгийг зарж борлуулах, хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр олгох ажиллагааг эхлүүлэх юм. Тус байгууллага шашны хуулийн этгээдийн татварын хөнгөлөлттэй статусаа алдаж, удирдлагууд нь албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.
Байгууллага Дээд шүүхэд дахин давж заалдах боломжтой ч, хэрэв шийдвэр цуцлагдахгүй бол татан буулгах ажиллагаа үргэлжилнэ.
Энэ нь Японд хууль зөрчсөний улмаас шашны байгууллагыг татан буулгасан гурав дахь тохиолдол болж байна. Өмнөх жишээнд “Aum Shinrikyo” хэмээх шашны бүлэглэл багтдаг. Харин энэ удаагийн шийдвэр нь эрүүгийн гэмт хэрэг бус, иргэний зөрчилд үндэслэн гаргасан анхны татан буулгах шийдвэр гэдгээрээ онцлог юм.