Милей: Аргентин улс татварын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай

Аргентин улс татварын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай гэж тус улсын либертари үзэлт ерөнхийлөгч Хавьер Милей мэдэгджээ. Тэрбээр өчигдөр (2026.03.01) Конгрессын шинэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ, 2026 онд засгийн газар нь зайлшгүй шаардлагатай нэмэлт шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгааг дурдсан байна.

“Бид татварыг бууруулах хэрэгтэй. Учир нь татварын тогтолцоо нь эрх барьж байгаа хэн нэгний орлогын хэрэгцээнд бус, эдийн засгийн өсөлтөд үйлчлэх ёстой” гэж Милей мэдэгджээ.

Түүний засгийн газар мөн сонгуулийн тогтолцоо, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шинэчлэлүүдийг урагшлуулахаар төлөвлөж байгааг нэмж хэлсэн байна. Конгресс Баасан гаригт маргаан дагуулсан хөдөлмөрийн шинэчлэлийг баталснаар Милейгийн засгийн газар улс төрийн томоохон ялалт байгуулжээ. Улмаар түүний дараа дараагийн бодлого өндөр дэмжлэг авах боломжтой болж байна.

Энэхүү шинэ хууль нь Аргентинд илүү их хөрөнгө оруулалт татаж, ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийг өсгөнө гэж Милейгийн засгийн газар тайлбарласан. Гэсэн хэдий ч үйлдвэрчний эвлэлүүд үүнийг эсэргүүцэж байгаа юм. Тэдний үзэж буйгаар, шинэ хууль нь компаниудад ажилчдыг халахад илүү амар болгож, ажилчдын эрхийг хязгаарлана. Мөн ажил хаях эрхийг хязгаарлах юм. Гэсэн хэдий ч Сенатын санал хураалтаар хөдөлмөрийн шинэ хуулийг 42 гишүүн дэмжиж, 28 нь эсэргүүцэж, 2 нь түдгэлзсэн байна.

Хамгийн маргаантай өөрчлөлтүүдийн нэг нь ажил олгогчоос санхүүждэг тэтгэмжийн сан байгуулах явдал юм.

Энэ мөнгө нь одоогоор улсын тэтгэврийн санд ордог шимтгэлээс бүрдэх юм. Сөрөг хүчнийхэн үүнийг тэтгэврийн сангийн хөрөнгөнд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Бусад өөрчлөлтүүдэд ажилд авах журмыг хялбарчилна, ажлын өдрийг 8 цагаас 12 цаг хүртэл сунгаж болно. Мөн цалинг гадаад валютаар олгох боломжтой болж байгаа бөгөөд амралтын системд өөрчлөлт орно. Чухал үйлчилгээний салбарууд ажил хаялтын үед ч хамгийн бага түвшинд ажиллах ёстой болно.

Үйлдвэрчний эвлэлүүд энэхүү хууль дэмжигдсэний дараа улс даяар ажил хаялт зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэсэн хэдий ч Милейгийн засгийн газрын дэмжигчид түүнийг инфляцыг бууруулж чадсан гэж сайшааж байна. Нэгдүгээр сард Аргентины сарын инфляц 2.9 хувь болсон бөгөөд “International Monetary Fund” түүний эдийн засгийн бодлогыг сайшаасан байна. Энэхүү хөдөлмөрийн шинэчлэл нь Милейгийн зах зээлийн чөлөөт бодлогын нэг хэсэг юм. Мөн хууль тогтоогчид Андын мөсөн голуудыг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд засгийн газар үүнийг уул уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч байгаль хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн